УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргийг онилогчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улстөрийн намаас гадна бусад жижиг намаас нэр дэвших сонирхолтой хүмүүс  энд тэнд мэр сэр нэрээ хавчуулчих  гээд гүйсээр. Гэр хороолол багатай, нийгмийн асуудал нь бусад тойргоос харьцангуй  бага, сонгогчид нь тогтсон тойрог. Дашрамд дурдахад, энэ тойрогт эмэгтэйчүүд хамгийн их нэр дэвшдэг, сонгогддог. Түүнчлэн эмэгтэй Засаг даргатай  байсан гэхээр бүсгүйчүүдэд ээлтэй гээд хэлчихэд хилсдэхгүй. Тиймдээ ч энэ удаа горилогчдын дунд дөрвөн бүсгүй байгааг та харж байна. Тэдний гурав нь нэр дэвших магадлал  өндөртэй байгаа. Энэ мэтчилэн сонгуульд нэр дэвших улстөрчдийн нэр эцэслэгдээгүй байгаа  үед горилогчдын нэрсийн жагсаалт сунасаар. Өнөөдрийн байдлаар МАН-аас  Засаг дарга асан Л.Амгалан, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, НИТХ-ын тэргүүлэгч Ж.Ганбаатар нарын нэр яригдаж байна. АН-аас цэнхэр тойрог болгож чадсан гэгдэх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, одоогийн  засаг дарга Д.Оросоо, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын нэр сонсогдож байна. Тэгвэл бие даан нэр дэвшихээр дуучин М.Нарантуяа , эдийн засагч Н.Дашзэвэг, Боса холинг компанийн захирал Д.Батмөнх нарын нэрс дуулдаж байгаа.

ИЗНН-ын хувьд АН-тай эвсэх асуудал яригдаж байгаа тул нэр дэвших сонирхолтой хүмүүсийн нэрс дунд тэр бүр сонсогдохгүй үлдэж байна. Өмнө нь Баянгол дүүрэг “Русский гимназия” сургуулийн захирал Энхтайван нэр дэвшиж байсан. Энэ удаад тус намынхан улстөрийн амбицаа түр хойш тавьчихаад байдлыг ажиглаж сууна. Тэгэхээр энэ горилогчдоос   нэр дэвших хамгийн их магадлалтайг хүмүүсийн мэдээллийг түүвэрлэн хүргэе.

Л.Амгаланд зөөлөн боов дагуулах уу?

Хүснэгтэнд багтсан хүмүүс нэр дэвшихээр хамгийн идэвхтэй ажиллаж байгаа нь. МАН-ын хувьд хоёр мандаттай Баянгол дүүрэгт  Засаг дарга асан Л.Амгаланг сойх нь тодорхой байгаа. Харин түүнтэй хамт Оргилын хэмээн нэрлэгддэг Ж.Ганбаатар нэр дэвших  гэнэ. Л.Амгалангийн хувьд  албан  бус штабаа байгуулан улстөрийн тоглолтоо эрчимтэй хийж байна. Даанч сошел орчинг ашиглан өөрийгөө сурталчилах гэсэн биш шалдаа буулгачих дөхсөн.  Горилогчдын дунд хамгийн туршлагатай, улстөрийн замнал нь ч урт тэрээр  сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө рейтингээ  уруудуулах ажлаа хийж орхив. Тэр нь Эх орончдын өдрөөр фэйсбүүкт явуулсан мэндчилгээ. Энэхүү мэндчилгээг харсан хүмүүс хангалттай шүүмжилсэн учир нуршаад хэрэггүй биз. Анх АН-аас улстөрийн карьераа  эхлүүлсэн тэрээр өнөөдөр МАН-ын дарга М.Энхболдын итгэлтэй нэгэн гэгдэж явна. Түүнд МАН-ын хаяа ээлээ өгсөн.

Л.Амгалангийн хамтрагч байх нь тодорхой хэмээн өөрийгөө үзэж байгаа Ж.Ганбаатар хэдийнэ өөрийн PR-аа хийгээд эхэлсэн. Улстөрийн  карьер гээд байхгүй зүйлгүй тэрээр сүүлийн үед телевизийн дэлгэцээр өөрийн компанийн ажил, хийсэн бүтээн байгуулалтаа  ярьж  явна. УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилын өмнө гишгэж тойргоо авах нь тодорхой болчихсон  гэж яваа тэрээр арилжааны телевизүүдийн  нэвтрүүлгүүдэд мөнгө хаяж өөрийгөө баахан магтах юм. Мөн МАН-ын лидерүүдийн залгамж халаа хэмээн хэвлэлд бичүүлсэн байх  жишээтэй. НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажилласан гэхээс өөр  улстөрийн туршлагаар сулхан энэ нөхөр АН-ын нэр дэвшигч болон бие даагч нарт  зөөлөн боов болж таараа.  Үүний нэг жишээ нь дуучин Нара бие даан нэр дэвшинэ гэхэд  цахим орчинд дэмжигч нар маш их болсон. Тэд С.Эрдэнэ, С.Одонтуяа нартай өрсөлдөх нь гэж бичихээс Ж.Ганбаатартай өрсөлдөх үү гэж хэлж бичиж байгаа нь алга. Тэгэхээр сонгуулийн тэнгэр ямар байх нь бараг л тодорхой болж байна.

МАН-ын хамгийн боловсролтой гишүүдийн нэг Ц.Мөнх-Оргилын нэр байнга дуулдаж байгаа. Ичээндээ орчихоод байгаа гэгдэх түүний хувьд  яаран ил гарах сонирхол байхгүй байгаа бололтой. Мөн МАН-ын Бага хурал хэнийг дэвшүүлэх, хэнийг өнжөөхөө шийддэг. Туршлагатай улстөрчид ч Бага хурлын өмнө яаран хөдлөөд алдаж байсан гашуун түүх олон бий.

С.Эрдэнийн хамтрагч хэн бэ?

АН-аас Баянгол дүүрэгт мөн л олон хүний нэр  сонсогдож байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тойрогтоо дэвших нь тодорхой байгаа. Харин хамтран зүтгэгч С.Одонтуяа намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж байгаагийн хувьд  жагсаалтад орох магадлалтай. Хэрэв тэгвэл С.Одонтуяагийн мандатан дээр одоогийн засаг дарга Д.Оросоо, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар өрсөлдөхөөр хүлээж  суугаа гэх. С.Эрдэнийн хувьд Д.Оросоог дагуулах, Х.Тэмүүжинг дагуулах уу гэдэг  өнөөдөр эргэлзээтэй.  Хэрэв энэ сонголтын өмнө ирвэл Д.Оросоог дагуулах  болов уу гэсэн таамаг бий. Учир нь Д.Оросоо  фракцид нь байх зөөлөн чихтэй нэгэн. Нэг баг болоод  зүтгэхэд  итгэлтэй байх хүн нь. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй зам, ам нийлэхэд хүнд. Ганцаарчилсан тоглолттой, өнгөрсөн дөрвөн жилд сайнаасаа илүү муугаараа их хэлүүлсэн. 2012 онд намын жагсаалтаар сонгогдсон түүнд дахин багтах боломж байхгүй. Тэгэхээр Баянгол уу, Төв аймаг уу хэмээн тойрог хайн бүдчиж яваа.

АН-ын горилогчид ингээд дуусахгүй. Нийслэлийн хөрөнгө  оруулалтын газрын дарга Л.Нарантуяа гэх бүсгүйн нэр сүүлийн үед эрчимтэй сонсогдож байгаа. Бүсгүйчүүдэд ээлтэй тойрогт АН-ынхан дараагийн эмэгтэй улстөрчөөр Л.Нарантуяаг ч зүтгүүлэх магадлал өндөр байна.

Улстөрд олон жил явж сайн муу олон зүйлийг соносож амссан С.Эрдэнэ энэ удаа дахин сонгогдох замаа засчихсан  гэж байгаа. Хамтын тэтгэврийн хууль, Нийгмийн даатгал, халамжийн хуулиудаа аль ч чуулганаар батлуулж  иргэдийн дунд рейтингээ өсгөөд авсан. Тэгэхээр хүч хавсрах улстөрч нь хэн байх вэ?

Эрхээ эдэлж буй бие даагч нар

Бие даан нар дэвших хүмүүсийн нэрс өнөөдрийн байдлаар дөрөв болчихоод байна. Дуучин Бондгор, эдийн засагч Н.Дашзэвэг, Боса холдингийн захирал Д.Батмөнх, дуучин М.Нарантуяа нар нэрээ дэвшүүлэхээр сонгуулийн ажилдаа орж байна. Бие даагчдын дундаас дуучин М.Нарантуяа иргэдийн төдийгүй улстөрчдийн анхаарлыг татаж байгаа. АН, МАН-аас нэр дэвших горилогчид бүгд Нарагийн үг, үйлдэл бүрийг  алдахгүй харж байгаа. Тэгэхээр Нара Баянголд  бие даан өрсөлдвөл өрсөлдөгч нараа  айлгаад авах бололтой. Улстөрд эргэлт буцалтгүй орсон гэдгээ зарлаж имижээ эрс өөрчилсөн  М.Нарантуяа өрх толгойлсон бүсгүйчүүдийн асуудлыг барьж авсан.  Өдрөөс өдөрт анхаарал татаж байгаа түүнийг дэмжигчид “дуучин Нара дуулдаг, бүжиглэдэг, нүцгэлсэн нь хэнд ямар хохирол учруулсан юм. Төрийн хөрөнгө мөнгө зувчуулж, улс орныхоо эдийн засгийг сөхрүүлсэн нөхдөө л ярь, хариуцлагаа тооц” хэмээн цахим орчинд бичиж өмөөрч байна. Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Тэгэхээр бие даагч нар эрхээ эдэлж байгаа л иргэн.

Ц.Ургамал

Эх сурвалж: www.times.mn

Сэтгэгдэлгүй