Капитал банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгаа тул татан буугдаж байгааг Монголбанкнаас зарласан. Тус банкинд 20 сая төгрөгөөс доош хадгаламжтай байсан иргэдийн мөнгийг Хаан банкаар дамжуулан авах ажил үргэлжилж байгаа. Харин 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хувьд хэрхэн мөнгөө авах нь тодорхойгүй хэвээр байна.

Прокуророос Капитал банкны удирдлагуудыг банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгаж, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь мэдээлэхээр болсон. Тэгвэл Капитал банкны эзэн, Бишрэлт группийн ерөнхийлөгч А.Ариунболдыг өчигдөр орой баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. “Капитал” банк нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум зэрэг мөнгийг үгүй хийж, ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа аж.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ