Батлан хамгаалах салбар, ЗХЖШ-т өрнөж буй шударга бус үйлдлүүдийн талаар бид мэдээлсээр байгаа. Энэ удаад бид дахин нэг цэрэг золгүй байдлаар амиа алдсан талаар онцолж байна. 

ЗХЖШ-ын даргыг чөлөөлснөөс хойш Зэвсэгт хүчинд сахилга, хариуцлага суларч, хүний амь эрсэдсэн хоёр ч хэрэг сар гаруйнхны хугацаанд гарлаа. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг зодуулсны улмаас амиа алдсан гэх дуулиан намжаагүй, хэргийг нь цагдаагийн байгууллага шалгаж, хоёр алба хаагчийг цагдан хорьчихоод буй билээ. ЗХЖШ-ын даргыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр хошууч генерал Р.Сүхбатыг томилсноос хойш цэргийн алба хаагч амиа алдсан хоёр дахь хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарсан байна.
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан гэнэ. Энэ ослыг Зэвсэгт хүчнийхэн ихэд нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэнийг эх сурвалжууд батлав. Осол Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Баянжаргал талийгаачтай хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар очсон гэнэ.

ЗХЖШ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй, дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан бөгөөд 310 дугаар ангийнхан засаж буй гэх мэдээлэл бий. Мөн тухайн осол гаргасан машин нь гадуур ажиллах хуваарьгүй байсан сурагтай. Ингэж явахдаа элсний карьер орчимд 310 дугаар ангийн, Хүрэлхүү жолоочтой “Зил-130” машин эвдэрсэнтэй таарч, туслахаар ангийн захирагч Баянжаргалыг өгсөн чиглэлийн дагуу талийгаач үлдсэн аж. Г машины дугуйнд ивээс хийж байтал гэнэт хөдөлснөөс дайрч амийг нь хохироосон аж. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Баянжаргал ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга болохоор нэр нь яригдаж байсан гэдэг. Зэвсэгт хүчний “Найман шарга” амралтын орчимд өнгөрсөн жил 014 дүгээр ангийнхнаар бариулсан дээрх хоёр давхар 10 сууцны есөд нь ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтан генералууд орж, нэгэд нь Налайх дүүргийн Засаг дарга орж буй гэх мэдээлэл бий.

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт хүний амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг, зөрчил удаа дараа гарч буй ч сайд нь ч, ЗХЖШ-ын удирдлага ч хариуцлага хүлээсэн тохиолдол гарсангүй.

Хичнээн цэрэг эрсийн амь насаар “туг тахиж” байж эрүүл, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай салбар болох вэ?

Эх сурвалж: www.dorgio.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ