Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр 2018 оны наймдугаар сард гаргасан. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох шийдвэр шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлж байгаа нь 320 мянгаас дээш цалинтай ажилтнуудад хамаарахгүй болохыг тогтоолд дурдсаныг юун түрүүнд хэлэх нь зүйтэй. Тэгвэл одоогоор Монгол улсын хэмжээнд НДШ төлдөг 651100 ажилтны 48300 нь 240000 төгрөг хүртэлх цалинтай, 138.800 буюу 21.4 хувь хувь нь 240001-500000 төгрөгийн цалинтай байгаа юм. Тэгэхээр 320 мянга буюу түүнээс доош цалинтай 78 мянга гаруй ажилтны хөдөлмөрийн хөлс он гарсаар нэмэгдэж байгаа юм.

Монгол улсын хувьд 2 жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ер нь олон улсын жишгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь дундаж цалингийн 40-60 хувьтай тэнцдэг. Харин манай орны тухайд одоогоор дундаж цалингийн хэмжээ 1 сая 37 мянган төгрөг байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсноор дээрх жишиг 30.8 хувийг эзлэх юм. Энэ хувийг олон улсын хамгийн доод эзэлхүүн буюу 40 хувьд хүргэх нь Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрийн гол үүрэг болж байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ