Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг АТГ-аас урд шөнө баривчилжээ. Тэрээр 2007-2013 оны хооронд “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан юм. Энэ хугацаанд Өмнөд Африкийн Стандарт банканд зээлийн баталгаа гаргаж өгсөн хэрэг болсон бөгөөд Ч.Ганзориг “Би гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг дуурайлган зурсан” гэж мэдэгдэж байсан юм.

Харин өнөөдөр АТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн хурлаар түүний баривчилгааны талаар асуусан сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулав.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Яллагдагчаар татагдсан Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг өнөөдөр прокуророос цагдан хорих саналыг шүүхэд тавиад байна. Гэхдээ Ч.Ганзоригийг 49 хувийн асуудал дээр биш “Жаст” группын асуудал дээр таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа. Энэ хэрэг дээр нэлээн тодорхой хугацаанд шалгасан. Стандарт банкнаас авсан мөнгө хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхой болсон. Ийм учраас түүний хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж ирж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг бүртгэж, битүүмжилж, үнэлүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй байна. Гэхдээ маш цөөхөн аймгийн үнэлгээний асуудал тодорхой болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусна. Энэ хэрэг дээр Ш.Батхүү, н.Мөнхжаргал н.Амарбат, н.Галбадрах Ч.Ганзориг нарын таван хүн шалгагдаж байгаа” гэлээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ