АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцлоо. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2018 оны 9 дүгээр сард хийсэн ажлын талаар мэдээлнэ. Мөн АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар мэдээлэл хийлээ.

897 ХҮНИЙ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАВ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 897 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсролын салбараас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

ОРОН НУТГИЙН МАЛ ЭМНЭЛЭГИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 4 ХҮН ИЛТ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА

Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхчулуун, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн А.Саруулжаргал,  Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х.Санигаж нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдсон.

  • Нэр дэвшигч Д.Мөнхтүвшин нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Батбулганы 100 хувь үүсгэн байгуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх “Мөнгөлөг амьдрал” ХХК-ийн талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч Г.Мөнхчулуун нь өөрийн үүсгэн байгуулж, дүрмийн сангийн 99,31 хувийг эзэмшдэг мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх “Энхсүрэгтэн” ЗБН, мөн гэр бүлийн гишүүн өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Тунгалагийн үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг “мал эмнэлгийн үйлчилгээ, гадаад, дотоод худалдааны” чиглэлээр үйлчилгээ эрхлэх үндсэн чиглэл бүхий “Дэлгэрэхговь” ХХК-иудын талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч А.Саруулжаргал нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү А.Саруулсайхан, А.Саруулбаатар, төрсөн эцэг Д.Амгалан болон өөрийн үүсгэн байгуулсан  /захирлаар төрсөн эцэг Д.Амгалан бүртгэлтэй/ Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэх “Угтаалчандмань” хоршооны талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч Х.Санигаж өөрөө болон хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Алиша, төрсөн дүү Х.Акбота, төрсөн хүү С.Хазирет нарын үүсгэн байгуулсан Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх “Айым” хоршоог үүсгэн байгуулж, захирлаар төрсөн хүү С.Хазирет бүртгэлтэй талаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг “Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт тус тус мэдүүлээгүй.

Иймд “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах талаар сануулан, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн.

2018 оны 9 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

ХӨРӨНГӨ, ОРЛОГОО МЭДҮҮЛЭЭГҮЙ БОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 3 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАВ

Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараах албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Тухайлбал:

  • Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Р.Энх-Амгалан нь өөрийн болон нөхрийн цалин хөлсийг худал мэдүүлсэн, нөхрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл, мөн өөрийн болон нөхрийн үүсгэн байгуулсан компаниуд, хувьцааны талаар мэдүүлээгүй тул “албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” арга хэмжээ тооцуулахаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.
  • Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал, хурандаа Э.Бямбажав нь эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани, авто зогсоолыг мэдүүлээгүй тул “сануулах” хариуцлага тооцуулах талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийн эхнэр О.Гантуяаг 2016 оны ажилд томилон бага ангийн бүлгийн туслах багшаар ажиллуулж байгаад 2018 онд ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ хугацаанд үр дүнгийн урамшуулал болон ур чадварын нэмэгдэл олгохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тул хариуцлага тооцуулахаар Нийслэлийн боловсролын газрын даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан.

Мөрдөн шалгах ажлын чиглэлээр товч мэдээлэл:

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 9 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 54 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3-аар бага буюу 5.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /2017 оны 9 дүгээр сард 57 гомдол, мэдээлэл шалгасан/

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 54 ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАВ

Хүлээн авсан 54 гомдол, мэдээллээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 19 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 64.8 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 54 гомдлын 41 буюу 75.9 хувийг Улаанбаатар, 13 буюу 24.1 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

372 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 9 дүгээр сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 372 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 240 хэргээр буюу 2,8 дахин өссөн байна. /2017 оны 9 дүгээр сард 132 хэрэг байв/

9 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 29 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж, одоо 327 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 281 хэрэг, мөрдөн байцаалтын 46 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн 12.1 хувийг шийдвэрлэсэн байна.

Өмнөх саруудад хэрэг бүртгэлтийн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Хэнтий аймгийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн албан тушаалтан нь  хувьдаа, бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал хүргүүлсэн.
  • “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал, албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан 2016 оны 10 дугаар сард нэр бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу байдал олгож Хөгжлийн банкны барьцаанд байсан 2 ширхэг Belaz 75131 маркын машиныг зах зээлийн бодит үнээс өндөр үнээр худалдан авч төрийн өмчид 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дуусган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал хүргүүлсэн.

Өмнөх саруудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдээс прокурорын байгууллагад Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, албан тушаалтан нар нь эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12 дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн гэх хэрэг;
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн дансанд хаалт, хасалт хийгээгүйн улмаас төлбөр авагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т төлөгдөх ёстой 1.155.593.822 төгрөгийг төлөгдөх ёстой боломжийг алдагдуулж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг;
  • Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан нь тус аймгийн Цагдаагийн газраас 2016 онд явуулсан шалгалтаар Ургамал сумын “Зүүн шувуут” гэх газарт хууль бусаар гар аргаар алт олборлогчдоос алтны агууламж бүхий чулууг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгснийг зохих хууль, журмын дагуу устгаагүй, эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль авсан гэх хэрэг;
  • Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” ХХК-д 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ