Дахин хоёр настай хүүхэд алга болсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид эсэн мэнд олжээ. Тодруулбал  2018.09.06 өдөр “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн V хороо буюу “Тэди” төвийн орчмоос хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид  хүүхдийг шуурхайлан хайсны үр дүнд есдүгээр сарын 7-ны өдөр алга болсон хоёр настай хүүг Эрдэнэт хотоос эсэн мэнд олж, хамгаалах байранд хүргэжээ.

Хүүхдийг хулгайлсан байж болзошгүй сэжигтэй О гэх этгээдийг эрэн сурвалжилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Өмнө нь наймдугаар сарын 19-нд Дархан-Уул аймгаас таван настай охин алга болсон. Алга болсон охиныг “Э”-г 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” нь, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан.

Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг “ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг.

Иймд: Эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ