Төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс 8-12 хувиар нэмсэн ч багш нар дор хаяж 15 хувиар нэмэх ёстой хэмээн шаардан ажил хаяад буй. Одоогийн байдлаар нийт 12 сургуулийн багш нар ажил хаясан хэмээн БСШУСЯ-наас мэдэгдсэн. Тэгвэл багш нарын ажил хаялтыг эсэргүүцсэн ажилгүй байгаа багш нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд “Үнэхээр багшлах чин хүсэлтэй ч улсын сургуульд ажилд ороход хүндрэлтэй байдаг. Багшлах эрхийн шалгалтад ороод ганц, хоёр оноо дутуугаас шалтгаалаад ажилд орж чадахгүй байгаа биднийг ажлын байраар хангаач ээ. Багшийн цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй хэсэгчлэн ажил хаяж байгаа нь хүүхдүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл бөгөөд есдүгээр сарын 1-нийг хүлээж, цүнхтэй ном дэвтрээ дахин дахин үзэж, догдлол дүүрэн сургууль дээрээ ирэхэд нь ажил хаясан гээд байж байгаа нь ёс зүйгүй үйлдэл.

Одоогоор 12 сургуулийн багш нар ажил хаяж, 20 мянган сурагч, 40 мянган эцэг эхчүүд хохирч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсээд байна. Багш нар ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэж бодож байна.

Багш нар 600 мянган төгрөгийн цалин авдаг. Түүнийгээ бага гэдгийг мэдэж байгаа ч хичээлийн эхний өдөр ажил хаяж байгааг эсэргүүцэж байгаа юм. Тиймээс одоогоор ажилгүй байгаа болон ажил эрхлэхийг хүсч байгаа багш нарыг бидэнтэй нэгдэж, ажил хаялт зарласан багш нарын оронд ажиллахыг уриалж байна” гэлээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ