Энэ сарын 10 ны өдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын зоорины хэсэгт үерийн ус орсны улмаас бункерийн шаланд байршуулсан туяа эмчилгээний аппаратны суурин хэсэг усанд автсан. Харин үндсэн тоног төхөөрөмжүүд нь хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа. Аппаратуудыг хайрцагнаас гаргах ажлыг Австрийн “Вамед Инженеринг” компани хариуцаж байгаа талаар эмнэлгийн удирдлагууд танилцууллаа. Үүсээд буй нөхцөл байдалтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Шугаман хурдасгуурт туяа эмчилгээний 2 аппарат болон бусад тоног төхөөрөмжийг МУ-ын Засгийн газар, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж  Австри улсын экспортыг дэмжих нөхцөлтэйгээр олгожээ. Тус гэрээгээр 2014 онд ирсэн аппаратууд шинэ өргөтгөлийн зоорийн давхарт шаардлага хангасан байшин баригдах хүртэл ХСҮТ-д тусдаа агуулахад хадгалж байна. Нийт 16 тонн жинтэй аппарат тоног төхөөрөмж байна.
Туяа эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг ХСҮТ-д суурилуулах ямар ч боломжгүй. Учир нь уг төхөөрөмжийг хуучин зооринд буюу өргөн нь л гэхэд 2,5 метр өргөнтэй бетонон ханын дунд байрлуулах зориулалттай. Энэ дагуу ч хавдрын эмнэлгийн өргөтгөлд зориулалтын зоорийг барьсан байна.
2017 оны 10 сард тус эмнэлгийн орчин тойрны зам, талбайн иж бүрэн тохижилтын ажил хийгдсэн боловч ус зайлуулах хоолой хийгээгүйгээс болж борооны ус их хэмжээгээр зоорийн давхарт орсон гэх тайлбарыг эмнэлгийн удирдлагууд өглөө. Учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ