“Монголчууд амрахаар ирээд өдөр, шөнөгүй архидаж, орчин тойрондоо хог тариад явдаг бол гадаадынхан далайн хөвөөгөөр хаягдсан хогийг цэвэрлээд амраад буцдаг” гэж жуулчны баазад сахиул хийдэг өвөө таван жилийн өмнө ярьж билээ. Одоо ч монголчууд аялж, зугаалж сураагүй л байна.

Учир нь уул, ус бохирдуулсан газар бүрт монголчууд амраад буцсан байдаг. Удахгүй наадам болно. Наадмын дараагаас намар залгаж, монголчуудын аялал зугаалгын улирал эхэлнэ. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, байгууллагаараа гээд салхинд гарцгаана. Үзэж харах зүйл ч нэгэн үеэ бодвол бий болж байна. Аглаг бүтээлийн хийд, Чонжинболдог, Элсэн тасархай, Хөвсгөл далай гээд тоочвол олон. Албаныхны мэдээгээр өнгөрсөн онд тусгай хамгаалалттай газруудад 200 мянга гаруй иргэн зочилсон нь бүгд дотоодын аялагчид аж. Тооны хувьд цөөн байж болох ч тарьж буй үр дагавар нь харин асар их. Өнгөрсөн зуны наадмын дараа энд тэндгүй түймэр гарч ОХУ-руу онгоц захиалах уу, яах вэ дээрээ тулж, сандарцгаасан. Хэдэн талаасаа зүтгэж, тэнгэр ч хур бороо хайрласнаар тэр их түймэр унтарсан.

Хамгийн ноцтой нь түймэр аялагчдаас болж гарсан байж болзошгүй тухай мэдээлэгдэж байв. Хуурайшилт ихтэй жил ойд түймэр гарах нөхцөл бүрдсэн байдаг тул амралт зугаалгаар явах бол архи, пиво, ундааны шил хаяж болохгүй, татсан тамхины ишээ бүрэн дүүрэн унтраа гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулаад байдаг нь үүнтэй холбоотой. Гэтэл ямар зан үйлдэл гаргадаг билээ. Нэг их үнэтэй чамин машин унаж явж, цонхоороо хогоо гаргаад шиднэ. Зам зуур таарах зориулалтын саванд хогоо хийчихэд юу ч хорогдохгүй л дээ уг нь.

Үр хүүхдийнхээ үлгэр дууриалал нь болж байгаа гэдгээ мэддэг хэрнээ “Энэ хогийг тэр хонхор руу хаячих” гэж заах эцэг, эхчүүд олон болсон. Өвөө, эмээ нар хүртэл ач, зээдээ буруу үлгэр дуурайл үзүүлдэг. Уг нь “Хогоо байгальд хаяж болохгүй, авто машиндаа ачиж яваад зориулалтын хогийн цэгт хаядаг юм шүү” гэж захин үйлдлээрээ үлгэрлэвэл тэр зөв хандлага болох учиртай. “Миний хүү, миний ач сайн хүн, эх оронч болно шүү” гэж захих утга учрын цаана үр хүүхэддээ зөв үлгэр дууриалыг үзүүлж чадах эсэхээс л хамаарна. Өөрөөр хэлбэл, эх оронч байна гэдэг зөвхөн захиасаар бий болдог, мөн “Би эх оронч хүн” гэж хэн чангаар хашгирсанд нь бий болдог зүйл биш ээ.

Нөгөөтэйгүүр, монголчуудын байгальдаа ханддаг хандлагыг хараад гадаадынхан толгой сэгсэрдэг гэнэ лээ. Ямар аргатайдаа далайн эргээр хаягдсан хогийг түүж явах билээ дээ. Тийм сайхан байгальд очоод яаж ийм сэтгэлгүй хандаж чаддаг байна аа л гээд буцдаг биз. Монголчууд аа, одоо зөв зохистой амарч зугаалж сурах цаг болсон шүү. Бусдын нутагт дүрэм журмыг нь сахиж, зөв зүй зохистой амарч чаддаг хэрнээ дотооддоо аялах болохоор хог овоолж, түймэр тавьдаг байж таарахгүй.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ