Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан “Дүнжингарав” хаврын бүсийн морины уралдааныг тойрсон мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Уралдааны үеэр будилаан гарч, тэр ч бүү хэл зарим уяачид хоорондоо зодолдон улмаар уралдаан шөнө дөл болтол сунжирсэн гэх. Хамгийн ноцтой нь есөн хүүхэд мориноосоо унаж, гурван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.

Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболд мэдээлэл хийлээ. Тэрээр “Монголын Морин спорт уяачдын холбооноос цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр Баянтал сумын нутаг дэвсгэрт хаврын бүсийн уралдааныг зохион байгууллаа. Уралдааны үеэр 110 алба хаагч, 23 автомашин, мотоцикльтэй үүрэг гүйцэтгэлээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэлдүүлэх газрын алба хаагчид, Онцгой байдлын алба хаагчид оролцож үүргээ биелүүллээ. Хаврын бүсийн уралдааны үеэр  тухайн уралдааны талбай хуурайшилт тоосжилт ихтэйн улмаас салхи шуурганд цохиулснаас болж есөн хүүхэд мориноос унаснаас гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоо цагдаагийн байгууллагад ил харагдах гэмтэл шархтай, хугарч гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна” гэв.

Хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн энэхүү уралдааны талаар Монголын Морин спорт уяачдын холбоо одоо хүртэл таг чиг. Хариуцлага хүлээх нь байтугай болсон үйл явдлын талаар тайлбар өгөхгүй дүлий дүмбэ байгаа нь хачирхалтай.

Засгийн газар зөвшөөрөл өгч, тов гаргаагүй байхад уралдаан зохион байгуулсан том толгойтой нөхдөд Ерөнхий сайд ямар хариуцлага тооцохыг олон нийт харж байна. Харанхуйд уралдаж буй бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнээс танд хүргэж байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ