Хавдар судлалын үндэсний төвийнхөн  элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа амжилттай гүйцэтгэсэн талаар   хэвлэлийн хурал хийж хагалгааны үйл явцын талаар мэдээлэл өглөө.  ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Анхны хагалгааг 42 настай эрэгтэйд хийлээ.  Түүний 20 настай дүү донор боллоо. Хагалгаа гурван шатыг хамарсан нэлээд хүнд хэлбэрийн хагалгаа байсан тул хагалгааны багт 40 гаруй эмч оролцлоо. Хагалгаанд Солонгосын “Самсунг” эмнэлгээс эмч нар ирж хамт оролцсон. Хагалгаа долоон цагийн турш үргэлжилж, амжилттай дууссан. Харин донорын хагалгаа буюу элгээ өгч байгаа залуугийн хагалгаа таван цаг үргэлжилсэн.

Хагалгааны явцад цус алдаагүй, цус юүлээгүй, хагалгаа хуурай хийгдсэн байгаа юм. Элэг шилжүүлэн суулгасан 42 настай эрэгтэй гурван жил манай хяналтад байсан. Түүний хавдар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас идэвхжсэн. Бид “Самсунг” эрүүл мэндийн багтай хамтран арваннэгэн сараас хойш хагалгаа хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал тогтвортой, шинжилгээний үзүүлэлт хэвийн байгаа. Донор нь ердийн тасагт шилжсэн байна. Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан гарч буй энэ үед элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэ төлбөргүй хийгдсэн. Засгийн газраас улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд төсвийг суулгасан. Бид энэ төсвөөр хагалгааг үнэгүй хийсэн”  гэв.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ