“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia’s got talent”-д амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээ “Алтан баззер”-ийн эзэн болж,  хагас шигшээд шууд шалгарсан. Харин дараа нь хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдсэн.

Шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг олон нийтийн санал хураалтаар өчигдөр тодруулав. Энэ талаар Б.Шижирбат өөрийн цахим хуудаснаа “Би дөрөвдүгээр байрт орсон. Яг үнэндээ эхний өдрөөс эхлээд та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #AGTVOTE8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ