“Чи чадна аа гэж би өөртөө өдөр бүр хэлдэг. Учир нь би маш их өвдөж байхдаа ч энэ л үгийг хэлж, өөрийгөө хурцалж, давж гардаг. Есөн жил өнгөрсөн ч би залхаагүй. Учир нь би бууж өгөхийг хүсэхгүй байна” хэмээн хэлэх 34-тэй идэр залуугийн үгс сэтгэл хөндүүрлүүлж, тэр хэрээр хайр, эргэцүүлэл хөврүүлнэ.

Ж.Мөнхбаяр гэх энэ эгэл залуугийн өвчинтэйгээ тэмцэх тэвчээр, тэмүүлэл, амьдрал, агшин хором бүрийг хайрлан үнэлэх үнэлэмж, өөрийнхөө туулсан зам мөрөөс олсон ухаарлаа бусадтай хуваалцахыг хүсэх сэтгэл нь “цоо эрүүл” юм.

Тэр өнгөрсөн өсөн жилийн хугацаанд арьс мах руугаа өргөстэй төмөр утсыг үзүүр хүртэл нь шигтгээд, бүдүүн хадаасаар ясандаа тултал зоолгож, сугалж, дахиад л зоолгох мэт өвдөлтийг мэдэрсээр ирж.

Эмэгтэйчүүд бид төрөхийн өвдөлтийг хамгийн хүнд өвдөлтөөр төсөөлдөг бол Ж.Мөнхбаярын өвчний өвдөлт төрөхийн өвдөлтөөс зургаа дахин их болохыг шинжлэх ухаан нотолсныг дуулаад түүний өвдөлтийн талаар төсөөлөл танд бууж байгаа болов уу. Ханиад хүрч, бүлээрсэн хүүхдээ хараад л “Би өвдчихгүй яав даа” хэмээн өрөвдөн шогширдгоо бодохоор түүний ээж, гэргийн сэтгэлийн зовиурыг илэрхийлэхэд үг дутна.

Аав ээжийн хайртай хүү хүний охин үрд дурлаж, дурласан бүсгүй нь ч эцэг эхийнхээ хориглолтыг үл тоон сэтгэл шулуудаж, хамтдаа л байх нь амьдралын аз жаргал гэх итгэл сэтгэлээр амьдралаа эхлүүлжээ. Тэдний итгэл ч хуурмаг байгаагүй. Учир нь өвчинд дарлагдсан хүнд хэцүү олон он жилүүдэд тэд атгасан гараа улам чангалж, хайраараа л хүнд өвчинтэй тэмцсээр өдийг хүрчээ. “Өвдөлтийн үед ганцаараа л байхыг эрхэмлэдэг. Хамт байгаа хүмүүсээ айлгахгүй, зовоохгүй байхыг хүсдэг” гэх үгнээс нь түүний сэтгэлийн тэнхээг харж болмоор.

Бурхан хүн бүрт дааж чадах хэмжээгээр нь ачаа хуваарилдаг гэдэг. Ж.Мөнхбаяр л тэсээд гарч чадахыг мэдсэндээ 100 сая хүнд ганц  тохиодог ховор өвчинг сорилт болгон өгөө байлгүй. Есөн жил тэмцсэн, цаашид ч тэмцэнэ. Тэр даваад гарна. Гэхдээ түүнд бидний багахан сэтгэл, итгэлийн дэм хэрэгтэй байна. Түүнд туслацгаая.

Өвчнийг эдгээхийн тулд ямар ч мэс засал, эмчилгээ хийх боломжгүй гэх хариу нэгэнт гарсан ч өвдөлтийг хяналтдаа байлгах боломж бий.  Тэрбээр өвдөлт бага мэдрэхийн тулд одоогоор морфин, педитин, дебапантейн лерика зэрэг манай улсад байдаг өвчин намдаах хамгийн хүчтэй эм, тариаг хэрэглэж байна. Нэг удаагийн эм тарианд 28-30 мянган төгрөг шаардагддаг бөгөөд үйлчилгээ нь 6-8 цаг үргэлжилдэг байна. Есөн жилийн хугацаанд эмийн төрөл, тун нэмэгдэж, үйлчилгээний хугацаа улам богиноссоор байгаа аж. Өвдөлт зогсоох хамгийн хүчтэй эм нь манай улсад морфин байдаг бол өндөр хөгжилтэй орнуудад морфиноос 100 дахин хүчтэй эмүүд хэрэглэгддэг байна.

Ж.Мөнхбаярт туслах хүсэлтэй гадаадад амьдардаг хүмүүс, эмч нар  судлаад Австрийн эмчилгээ хамгийн үр дүнтэйг зөвлөжээ. Монголд гурван ширхэг морфин ууж өвдөлтөө дардаг бол Австрид тал эм уугаад өвдөлт дарагдах боломжтой юм байна. Тиймээс “Австрид очих нь  миний сүүлийн боломж. Магадгүй тэнд еспанил код стимлятор тавиад өвдөлтийг хяналтад байлгах ч юм билүү. Найдлага байна. Одоо хүмүүсээс тусламж гуйж эмнэлэгт очиж аврагдах тэр замыг л сонгох үлдсэн, хүмүүс минь надад туслаач” гэж эцсийн найдлагаа бидэнд үлдээжээ. Түүний найдвар, итгэл, амьдрах хүсэл тэмүүлэл нь 30 сая төгрөгөөр хязгаарлагдаж байна. Бид хамтдаа найдварын цучилд гал нэмж чадна, сайн сайхан хүмүүс ээ.

Хандивын данс: Голомт банк 1205108481 Ж.Мөнхбаяр

Холбоо барих: 98188389

 

Эх сурвалж: www.time.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ