Энэ сарын 3-ны өдрийн 19:20 минутын үед Татварын ерөнхий газрын цахилгаан шат осолджээ. Тухайн үед тус байгууллагын ажилтан зургаан давхараас цахилгаан шатанд сууж, нэг давхар руу буух үед цахилгаан шат гэнэт дээш өгсч есөн давхарт хүрээд зогссон байна.

Ослын шалтгаан нь цахилгаан шатны тормоз барихгүй болсны улмаас кабин нь дээш өгсч, тэнцвэржүүлэгч ачаа нь  доош унасан юм байна. Уг цахилгаан шатыг “Хондак” компани Солонгос Улсаас импортолж, Татварын ерөнхий газрын шинэ барилгад 2011 онд сууриллуулжээ. Ослын талаарх мэдээллийг тус компани шуурхай хүргэх ёстой байсан ч нуун дарагдуулсан аж. Энэ талаарх мэдээлэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өчигдөр ирсэн бөгөөд ослын газарт очиж шалгахад “Хондак” компанийн ажилчид цахилгаан шатны моторыг салгаж, “Магнет сервис” компаниар мотороо ороолгож дахин сууриллуулж байжээ. Тиймээс нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр ашиглалтад оруулах зааварчилгаа өгч, цахилгаан шатыг битүүмжилсэн байна. Цахилгаан шат нь Солонгос Улсад үйлдвэрлэсэн 1150 килограммын даацтай, зургаан үндсэн зогсоолтой юм байна. Тэгвэл “Хондак” компанийн цахилгаан шат осолдсон тохиолдол зөвхөн энэ биш юм. Өнгөрсөн хоёрдугаар сард III, IV хорооллын есөн давхарын орон сууцанд сууриллуулсан тус компанийн хоёр цахилгаан шат унаж, осол гаргасан удаатай. Мөн өнгөрсөн наймдугаар сард “Пума империал” зочид буудлын цахилгаан шат 17 давхараас унасан юм. Тиймээс нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хондак” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсний дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байдаг. Гэтэл өнгөрсөн сарын 1-ны өдөр охин компани болох “Хондак инженеринг” компанийнхаа нэрээр тусгай зөвшөөрөл дахин авч, үйл ажиллагаа явуулж байгаад ийнхүү осол гаргаж, улмаар нуун дарагдуулжээ.

Эх сурвалж: www.shuurhai.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ