Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын суурьшлын бүсийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгохгүй байх, одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулийн хэрэгжилтийг чанд мөрдүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны суурьшлын бүсэд 162 га талбай эзэлдэг “Найрамдал” шаврын ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн нэг тээвэрлэлтийн зам маршруттай, тоосжилт үүсгэхгүй байх үүднээс усалгааг тогтмолжуулах, нуралтаас хамгаалсан бэхэлгээ, хаалт хашлага хийх, уурхайн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, дүйцүүлэх нөхөн сэргээлт хийх тохиолдолд тухайн дүүрэг дэх булаг шандыг тохижуулж хамгаалах зэрэг үүрэг даалгаврыг өгч, дээрх ажлууд хийгдэж эхлээд байна.

Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хяналт шалгалтын хүрээнд “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийн талаар сургалтыг зохион байгуулж тус ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордыг 1945 онд нээж илрүүлэн 1962 оноос ашиглаж эхэлсэн, Улаанбаатар хотын тоосгоны үйлдвэрийн гол түүхий эд болох шар шаврын хамгийн том орд бөгөөд тухайн хэсэгт амьдардаг иргэдийн зүгээс аж ахуйн нэгжүүд олон салаа замаар тээвэрлэлт хийснээр их хэмжээний тоосжилт, дуу чимээний бохирдол үүсч, иргэдийн хашаа, байшинтай хаяа залгасан эгц налуу ухсан талбай нь нуралт үүсэх эрсдэл бий болгож байгаа талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ