Элэгний вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй улсын тоонд манай улс багтаж буйг гадныхан онцолж байгаа. Одоогийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд энэхүү хөтөлбөрт, тэр дундаа элэгний С вирусыг устгах чиглэлд санаачлагатай ажиллаж байгааг иргэд онцолсон. Элэгний С вирусын эсрэг эмийг даатгалаар олгож эхэлсэн бол оношилгоог мөн даатгалд багтаахаар яригдаж байгаа юм байна.

Тэгвэл удахгүй ирэх сарын 16-аас 18-ны өдрүүдэд Монголын элэгний эмгэг судлалын холбоо Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтран “Элэгний С вирус ба хавсарсан халдвар” сэдэвт олон улсын элэгний эмч нарын чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү хуралд 24 орны 500 гаруй хүндэт профессорууд оролцож орчин үеийн вируст хепатитийн эмчилгээ оношлогоо, эмнэлзүйн удирдамжуудыг танилцуулахын зэрэгцээ элэгний С вирусыг устгах эмчилгээний явц үндэсний хөтөлбөр, бодлогын хэрэгжилт зэрэг өөрийн улсын туршлагыг бусад гадны улс орны эмч мэргэжилтнүүд болон судлаач нартай хуваалцах юм.

Манай улсын хувьд вируст хепатитийн эсрэг олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр элэгний С вируст хепатитийн эмчилгээг улс орны хэмжээнд амжилттай хэрэгжүүлж дэлхийн хэмжээнд С вирусын эмчилгээний загвар орны нэг болсон билээ. Тиймээс Монголын элэгний эмгэг судлалын холбоо 2015 онд “Элэгний С вирус болон хавсарсан халдвар” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг эх орондоо зохион байгуулах эрхийг олон оронтой өрсөлдсөний үндсэн дээр олж авсан билээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ