Монгол Улсын Ерөнхий сайд  Ж. Эрдэнэбатын БНХАУ-д хийж буй дээд хэмжээний уулзалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү оролцов. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хооронд 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд энэ сарын 12-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурлаа. Хоёр тал дээрх төлөвлөгөөний дагуу хамтран ажилласнаар хилийн боомтуудын нэвтрэх үеийн чадамжийг сайжруулж, байцаагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, БНХАУ-д холбогдох чиглэлээр байцаагч нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, хамтарсан шалгалт, үнэлгээ, тандалт судалгаа хийхээр харилцан тохиролцлоо. Түүнчлэн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх зөвшөөрлийн хугацааг 3 сар болгосноор Зүүн өмнөд Азийн орнууд руу мах экспортлох ажилд томоохон ахиц гарах юм. Өмнө нь Хятадын талаас зөвшөөрлийг 6 сар хүртлэх хугацаанд өгдөг байсан нь дамжуулан тээвэрлэх ажлыг удаашруулдаг талтай байв. Тус улсад адууны дотор мах, дайвар бүтээгдэхүүн экспортлохтой холбоотой асуудлыг ч мөн хэлэлцэж, шийдэлд хүрчээ.

Цаашлаад хоёр улс хооронд улаан буудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, рапсын үр экспортлох үеийн ургамал хорио цээрийн нөхцөлийн тухай протколд өөрчлөлт оруулах чиглэлд хамтран ажиллаж БНХАУ-аас Монгол Улсад экспортлож буй зарим нэрийн барилгын материалын чанар, аюулгүй байдлын шаардлагын тухай проткол байгуулах талаар санал солилцохоор болов. Хил дамжин халдварлах өвчний аюул занал болон 2 улсад тархсан халдварт өвчнийг Олон улсын эрүүл мэндийн дүрмийн холбогдох заалтын дагуу харилцан шуурхай мэдээлэх талаар мөн тохиролцоонд хүрлээ. Химийн хорт, аюултай бодис болон бусад бүтээгдэхүүнийг харилцан экспортлох үеийн чанар аюулгүй байдлыг хангах үүднээс химийн хорт болон аюултай бодисын экспорт, импортын талаар харилцан туршлага судлахад анхаарч ажиллахаар болоод байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ