Монгол Улсын иргэн Абдул Карим Забонтанаа

Эрхэм Абдул Карим Забон танд энэ өдрийн мэнд хүргэе.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забонта 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.

Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээмэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.

Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс.Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон.

Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд чцөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ.Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.

Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээрхэлж, заналхийлнэ.Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буйүйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.

Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий.Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛ

1 сэтгэгдэлтэй

ХАРИУ ҮЛДЭЭХ