УИХ-аас төсвийн тодотголыг батлахдаа нийтдээ долоон төрлийн татварыг гурван өөр хугацаанд нэмэхээр тусгаж өгсөн. Үүнээс суудлын автомашины онцгой албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогын татвар, импортын тамхины татвар гэсэн гурван төрлийн  татвар ирэх сарын 1-нээс нэмэгдэх юм.  Уг татварууд хэрхэн нэмэгдэх талаархи мэдээллийг хүргэж байна.

Суудлын автомашин: Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлөөд байгаа юм.  Татварын нэмэгдлийг хүснэгтээр харуулав.

Хадгаламжийн хүү: Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулав. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Татварын ногдуулалтыг нэг удаа хийх замаар төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.

Импортын тамхи: Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүллээ. Тодруулбал, импортын тамхины 5 хувийн гаалийн албан татвар ирэх сараас 20-30 хувь болон өсөхөөр хуульчлагдлаа. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж. Импортын тамхины нэр төрлөөс хамаарч татварын ногдуулалт гурван өөр байна.

Үүнд:

-30 хувийн татвар ногдуулалт: Тамхи эсвэл орлуулагч агуулсан сигар,боловсруулсан тамхи, задгай тамхи, усан хоолойгоор татах зориулалттай тамхи, дүнсэн тамхи

-20 хувийн татвар ногдуулалт: Нэгэн төрлийн болгосон эсвэл сэлбэгдэн тамхи, хамрын тамхи

-5 хувийн татвар ногдуулалт: Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ