Тавантолгойн ордоос метан хийн нөөц илрүүлсэн нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар  Тавантолгойн ордод 51 тэрбум шоо метр хий байгааг тогтоосон бөгөөд энэ нь ойролцоогоор 40 сая тонн байгалийн хийтэй тэнцэх юм. Манай улсын хийн жилийн хэрэглээ 28 мянган тонн хэмээн тооцжээ. Тавантолгойн одоогийн тогтоогдсон хийн нөөцөөр 1700 жилийн турш дотоодын хэрэглээнд хүрэлцэх хэмжээтэй аж. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын байгалийн хийн компани уг хийн өрөмдлөгийг хариуцан,  судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

-“MCS” ТЭРГҮҮТЭЙ ХУВИЙН КОМПАНИУД ШУУРАХ БОЛОВ-

Энэ онд ОХУ болон БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Бээжин рүү байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулсан билээ. ОХУ нь Хятадтай ирэх 30 жилийн хугацаанд жилд 38 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Ингээд бодоод үзэхэд манай улсаас илэрсэн метан хийн нөөцийг байгалийн хийн нөөцөөр тооцвол 40 сая тонн байгалийн хий нь 526 сая орчим ам.доллар хүрэх юм. Мэдээж энэ асуудал Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг  татаж, манай улсад эдийн  засгийн таатай нөхцөл авчрах боломжтой гэдгийг гадныхан онцолж буй. Энэ нь Монгол Улсын эдийн засагт бас нэгэн таатай орчин үүсгэж, шаардлагатай эрхзүйн зохицуулалт хийх асуудал хөндөгдөх юм.

Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна.

Өнгөрсөн сарын 24-нд “Эрдэнэс Тавантолгой”, “Элгэн”, “Korea Gas Corporation” хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд эрчим хүчний уламжлалт бус нөөц буюу нүүрсний давхаргын метан хийг судлах, түүнийг ашиглах технологийг нэвтрүүлэх юм байна. “Korea Gas Corporation”-ийг Солонгосын Засгийн газар 1983 онд байгуулж байжээ.

Дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч компани юм. Солонгост 2700 км байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг бөгөөд 2012 онд 31.9 тэрбум долларын орлоготой ажиллаж байсан компани аж. Эрлийн гэрээ байгуулах маш олон хүсэлт ирснээс газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлын гэрээ байгуулах 28 хүсэлт ирсний 14 нь нүүрсний давхаргын метан хий илрүүлэх хүсэлт байсан талар албаны хүн хэлэв.

1700 жилийн байгалийн хий бүхий метан хий илрүүлсэн сургаар хувийн компаниуд тэр дунда “MCS” компани толгой цохин чичрэх болов. Гэхдээ эрх баригч намын зүгээс Тавантолгойг ард түмний өмч байлгах сонирхолтой байсан нь үүнтэй ч холбоотой юм.

Гэнэт ийм их хэмжээний нөөц илэрчихээгүй, өмнө нь 20 гаруй жилийн тэртээ манайд байгалийн хий, метан хий илрэх магадлал өндөр байсан талаар хэд хэдэн эх сурвалжууд хэлж байлаа. Иймээс Тавантолгойг хувийн хэвшилд өгөхөөс илүүтэй төрийн мэдэлд байлгасан нь хожино хэмээн зүтгэж байсны үр дүн энэ юм.

-МОНГОЛЧУУД УТААНААСАА САЛАХ ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ-

Хоёр хөрш гүрний хооронд хоолой тавьж байгалийн хий нийлүүлж байгаа. Манай улсын хувьд хөрш улсуудад нийлүүлэх хэмжээний метан хий нөөцгүй ч дахин илрэх боломж, магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Нэн тэргүүнд бид дотоодын хэрэгцээгээ хангах боломж бий. Дотоодын хувьд зардал бага, хүндрэл ч гарахгүй сайн талтай. Өмнөговиос Улаанбаатар хот хүртэл хоолой тавихад дийлэнхи газар нутаг нь тал, хээрийн бүс учир саадгүй. “Метан хий дамжуулах хоолой тавих урьдчилсан тооцоог гаргаж үзсэн.

Жилд ойролцоогоор нэг сая болон түүнээс дээш тонн метан хийг Улаанбаатар руу татах боломжтой юм гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын бүх цахилгаан станцыг хангах хэмжээний эх үүсвэрийг Тавантолгойгоос нийлүүлж болно гэсэн үг. Нэг сая тонн метан хий гэдэг нь ойролцоогоор 250 мВт-ын цахилгаанаар хангах чадалтай. Нэг сая тоннын эх үүсвэрийн 2/3 хувиар цахилгаан станцуудад түлш болгон хэрэглүүлж, 1/3 хувиар нь гэр хорооллыг хангана гэсэн анхны тооцоо хийсэн байдаг.

Өмнөговиос хоолой тавиад Улаанбаатарын станц руу нийлүүлэхэд асуудал гарахгүй байх. Харин гэр хороолол руу олон салаалсан хоолой тавихад хүндрэл гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ажил эхлүүлсэн учраас хэцүү байсан ч даван туулж үр дүнг нь үзэх ёстой. Хамгийн гол нь метан хий ашиглаж агаарын бохирдлыг бууруулах ёстой шүү дээ” хэмээн албаны хүн хэлж байлаа.

Агаарын бохирдол жил ирэх бүр нэмэгдэж байгаа манай Улаанбаатар хотын хувьд энэ бол асар том боломж юм. Тавантолгойн нүүрсний ордоор зогсохгүй  Налайх, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордоос метан хий илрэх боломжтой талаар мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн Солонгосын “Ко-газ” компани Налайхын нүүрсний уурхай дээр судалгаа хийж эхэлсэн. Гэхдээ Налайхын нүүрсний орд газар доогуур битүү нүхэлсэн учраас бүх метан хий алдсан байсан байна.

Тавантолгойн ордын хувьд ганц Цанхи дээр олборлолт хийх байгаа. Дөнгөж 300 метр ухаж байгаа. Цаашаа 1000 метр хүртэл нүүрсний давхарга гүн байгаа учраас хий илрэх боломж тэр хэрээр нэмэгдэж байгаа аж. Тиймээс манай улсад метан хий, байгалийн хий илрүүлэх боломж, нөөц дан ганц Тавантолгойгоор зогсохгүй бөгөөд үүнийгээ хувийн хэвшлийнхэнд алдалгүй улс орондоо ашиглах боломж бий юм.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ