Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Тавантолгойн цэргийн бааз буюу Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төвд гранат дэлбэрч 2 хүн амиа алдаж, 8 хүн шархаджээ. Уг осол хээрийн дадлага сургуулиулт, байлдааны буудлага хийгдэх үед гарсан бөгөөд ахмад М, ахлагч А нар газар дээрээ амиа алдаж, 8 цэрэг шархаджээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, Бригадын генерал Ж.Бадамбазар “Цэргийн анги Зэвсэгт хүчин жанжин штабаас батлагдсан 2016-2017 оны сургалт үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөний дагуу хээрийн дадлага сургуулиулт, байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд маань энэ сургалтынхаа төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт өгдөг.

Зэвсэгт хүчний 311, 350 дугаар анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад өнөөдөр 17.40 минутын орчимд осол гарсан. Ослын шалтгааныг хууль хяналтын байгууллагуудын хамт тогтоохоор зэвсэгт хүчин жанжин штабын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс газар дээр нь ажиллаж байна.

Тэр даруй бид мэдээллийг авч шуурхай арга хэмжээ авч ажилласан. Энэ дээр Зэвсэгт хүчин жанжин штаб, Батлан хамгаалах яам, Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллалаа.

Байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлага явагдаж байсан. Энэ дадлагыг удирдан явуулж байсан ахмад М, ахлагч А нар газар дээрээ нас барсан. Найман хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийг яаралтай Цэргийн төв эмнэлэг дээр авч ирээд байна” хэмээн мэдээлэл өгөв.

Цэргийн төв эмнэлэг “Эхний албан хаагч 19 цаг 58 минут, сүүлийн албан хаагч 20.15-д Цэргийн төв эмнэлэгт ирсэн. Хоёр цэрэгт яаралтай журмаар хагалгаанд орж байна. Ихэвчлэн мөчдийн гэмтлүүд. Метал хэсгийн хэлтэрхийнүүд мөч рүү орсон. Шаардлагатай эмчилгээ хийгдэж байгаа” гэсэн мэдээллийг өгөв.

Мэдээллийн төгсгөлд осол юунаас болж гарсан байж болох талаар асуухад Бригадын генерал Ж.Бадамбазар”Яг одоо хэлж мэдэхгүй байна. ЦЕГ-аас баг ажилаж байна. Хоёр төрлийн шалтгаанаас болж дэлбэрч болно. Хүний болгоомжгүй үйлдлээс бол дэлбэрч болно. Эсвэл тухайн байлдааны галт хэрэгслийн хадгалаллт ашиглалтын байдлаас үүдсэн техникийн осол ч байхыг үгүйсгэхгүй.

Гурван хүнээс бусад ар гэрийнхэнтэй холбогдож мэдэгдсэн байгаа. Нэг хүнийх нь аав ээж Ховд аймагт байдаг юм байна. Бид эмнэлгийн үзлэг үйлчилгээ хийгдсэний дараа ар гэртэй нь утсаар яриулж холбохыг бодно. Ар гэрийнхэнд зориулж тусгай байр бэлдсэн байгаа” хэмээн хариулав.

Эх сурвалж: www.time.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ