Ойрын өдрүүдэд цаг агаар таагүй байх талаар УЦУОШТ-өөс сэрэмжлүүлгэ хүргээд байсан билээ. Харин энэ үеэр малчид, хөдөө орон нутгийг зорьж гарсан иргэд цасан шуурганд төөрсөн тохиолдол олон гарсан байна.  Урьд шөнийн байдлаар баруун аймагт хүмүүс шуурганд төөрч сураггүй болсон тухай дуудлага ирсэн байна.

Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор 83-48 ЗАА улсын дугаартай, Портер загварын ачааны автомашинтай хоёр иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин нь цасанд суужээ. Тиймээс иргэн Х /62 настай, эрэгтэй/ машинаа татаж гаргах хүн, машин олохоор Нөмрөг сум руу яваад сураггүй болсон байна. Онцгой байдлын аврагч нар өичгдөр /2017.03.21/ иргэн Х-г сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газарт осгож нас барсан байсныг олжээ.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 26 км-т/ өвөлжиж байгаа малчин Ц /57 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсныг хайж байна. Эрэлд нутгийн 13 хүн оролцож байгаа аж.

Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас /сумаас баруун урд зүгт 40 км-т/ иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар өчигдөр /2017.03.21/ өглөөний 08:00 цагт мал тууж авчирахаар яваад сураггүй болсон байна. Аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, орон нутгийн хоёр иргэн, нийт 10 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 40 км-т/ иргэн Я-гийн 10-15 насны гурван хүүхэд өчигдөр /2017.03.21/ 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрчээ. Онцгой байдлын газрын алба хаагч нар хүүхдүүдийг хайж байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн “Буга-Уул” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 20 км-т/ хаваржиж байгаа малчин С /34 настай, эмэгтэй/ төөрснийг 00:50 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Буурал багийн Цахир гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар /сумаас зүүн урд зүгт 58 км-т/ иргэн З /25 настай, эмэгтэй/ амаржих гэж байна гэсэн дуудлагаар гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар Экс-Трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсныг эрэн хайж байна.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нэгдүгээр багийн “Хаш” гэдэг газар оршин суугч иргэн С /50 настай, эрэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 19:00 цагийн үед Хаш багаас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ланд-100 хүртэл цасанд суужээ

Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар /сумаас 50 км-т/ иргэн Л-ийн 42-46 УВХ улсын дугаартай /1 зорчигчтой/ “Ланд-100” загварын суудлын автомашин, иргэн О-гийн 49-65 УВХ улсын дугаартай /14 зорчигчтой/ “Истана” загварын микроавтобус, иргэн Б-гийн 51-74 УВА улсын дугаартай /9 зорчигчтой/ “Пажеро” загварын суудлын автомашин, иргэн Ч-гийн 51-74 УВА улсын дугаартай /10 зорчигчтой/ “Пажеро” загварын суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлага ирсэн байна. Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар 25 том хүн, есөн хүүхэд, нийт 34 иргэнийг аварч, автомашинуудыг цаснаас татан гаргажээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ