УИХ-ын намрын чуулганы ирц гарчээ. Сонгуулиар матрын нулимс унагаж, чухам итгэж сонговол улс орон, ард түмнийхээ төлөө нойр хоолоо умартан ажиллана гэж амлаж байсан эрхэм түшээдийн  үнэн төрх эндээс харагдаж байна.

Мөнөөх л таслалтаараа тэргүүлдэг УИХ-ын гишүүн Б.Наранхүү гишүүн энэ удаа ч зангаа тавьсангүй. Тэрээр намрын чуулганы турш 169 цаг хуралдаанд суухаас 26 цаг л ажлаа “хийж”. Харин 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаад томилолтоор аргалж, 32 цагийг нь орон нутагт өнгөрүүлжээ. Дундговь аймгийн сонгогчид тийм хайнга юм уу эсвэл Б.Наранхүү тэднийг хуурч дөнгөдөг үү бүү мэд. Ажлаа хийдэггүй “түшээ”-гээ ахин дахин сонгоод байдаг нь гайхалтай. Хамгийн гол нь сонгосон гишүүн нь хуралдаа суухгүй зугаалж явахад Дундговь аймгийн сонгогч нэг бүрийн эрх ашигт хамаатай хууль, тогтоомж, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцэж байсан нь харамсалтай. Өнөөдөр орон нутгийн хөгжлөөр Дундговь сүүл мушгидаг гэхээр гайхах ч хэрэггүй мэт. Ийм хүнийг тахин шүтэж сонгоод, ажлаа хийхгүй байхад нь толгойг нь илээд байдаг сонгогчид хэзээ нэгийг бодож хоёрыг тунгаах юм бол доо.

УИХ-ын гишүүн Д.Гантулга бол таслалт, томилолтоороо Б.Наранхүүгийн хүчтэй өрсөлдөгчөөр тодорч эхэлсэн нэгэн. Чуулганы турш 58 цаг ажиллаж, 108 цагийн чуулганы хуралдаанд оролцоогүй. Гадаадад томилолтоор 27 цаг, орон нутгаар 33 цаг явж, 21 цагийн цагийн чөлөө авсан байна.

УИХ гэдэг ийм л тоглоомын газар болчихож. Гишүүд нь сонгогчдоо доромжилж, хууль боловсруулах батлах ажил үүргээ гадаад дотоодод аялж зугаалахын нэр гээд бодчихож. Төрийн байгууллагын жирийн ажилтан өглөө, орой бүр хурууны хээгээрээ цаг бүртгүүлж, цалингаа тооцуулдаг. Нэг өдөр ажил таслахад л халагдах шалтгаан болдог. Гэтэл УИХ-ын гишүүд нь ёс суртахуунгүй, хариуцлагагүй, төрийн хэргийг хээв нэг тасалдуулж, үүнийгээ тоглоом шоглоом болгож явах хэрээс хэтэрлээ.

Энэ УИХ гишүүддээ хариуцлага тооцдог гэдгээ харуулах цаг болж. Эс бөгөөс төрөө дээдлээд, сонгогчдоо хүндэтгээд тарах хэрэгтэй…

Д.Анар

 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ