Шилэн дансны тухай хуулийн хүрээнд төсвийн болон төрийн өмчийн 6100 орчим байгууллага, аж ахуйн нэгж мэдээллээ олон нийтэд ил тод болгожээ. Одоогоор 37 төрлийн 230 мянга орчим мэдээллийг олон нийтэд ил тод болгосон байна.

 

Нэг байгууллага дунджаар таван удаа шилэн дансанд мэдээллээ оруулсан аж. Төсвийн байгууллагууд төсөв санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн мэдээгээ шилэн дансанд байршуулах нь их байгаа бол худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг 33 хувь нь л байршуулсан гэнэ.

 

Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст нийт 166 мянган хэрэглэгч 446 мянган удаагийн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээллийг хүлээн авчээ. Цахим хуудаст хандсан иргэдийн 97.2 хувь нь дотоодоос, 2.8 хувь нь гадаадаас хандсан байна. Хуулийн хэрэгжилт харьцангуй сайн байгаа ч олон нийт мэдээллийг цогц байдлаар авах боломж бүрдүүлээгүй зэрэг сайжруулах ёстой хэд хэдэн ажлууд байгааг Засгийн газраас онцолжээ.

 

Тиймээс цаашид мэдээллийн үнэн зөв, тодорхой байдлыг сайжруулах, хууль хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох, төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог сайжруулах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газар үзэж байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ