УБТЗ-ын ажилтан ажлаа хийж яваад амь насаа алдсан хэрэг оны өмнөхөн гарчээ. Осол өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 29-нд Шивээ-Овоогийн өртөөнд болсон байна. Тухайн үед ажлын байран дээр найруулагч, машинч, туслах машинч, холбогч буюу туслах найруулагч нарын хүн ажиллаж байсан аж.

Ингээд вагонд зүтгүүр залгах үед холбогч зүтгүүр, вагон хоёрын дунд хавчуулагдаж, амь насаа алджээ. Талийгаач УБТЗ-д ажилд ороод удаагүй, арванхоёрдугаар сарын 24-нд ажлын байрных нь тушаал гараад байсан аж. Осол болсон өдөр талийгаачийн ажлынх нь гурав дахь гараа байсан гэнэ. Тэрбээр төмөр замын сургууль төгсөөгүй бөгөөд биеийн тамирын багш мэргэжилтэй нэгэн байжээ.

Энэхүү ослын талаар бид УБТЗ-ын холбогдох албаныхнаас тодруулахыг хүссэн боловч эргэж хариу хэлнэ гэснээр ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа юм. Одоогийн байдлаар машинч, туслах машинч сэлгээний удирдагчийг дохио өгөөгүй байхад галт тэргийг хөдөлгөөнд оролцуулсан, талийгаач зүтгүүрийг хөдөлгөөнд оролцуулах дохио өгсөн гэх асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

Энд хамгийн ноцтой нь Зам тээврийн сайдын тушаалыг зөрчин мэргэжлийн бус хүнийг галт тэрэгний туслах найруулагчийн орон тоон дээр ажиллуулж байсан асуудал юм.

Б.Сондор
Эх сурвалж: www.zuv.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ