Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн долоо хоногт авлигын хэрэгт холбогдсон. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригийн орой 22.30 цагт Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан юм. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас гэж эх сурвалж мэдээлсэн. Тиймдээ ч ЭМС-ын сайдыг АТГ-аас сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болоод байгаа. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгана. Бүр шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгах эрх нь хуулийнханд нээлттэй гэнэ. Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Тэгвэл Г.Шийлэгдамба сайд өөрийг нь шалгаж байгаатай холбогдуулан баасан гарагийн үдээс хойш Ерөнхий сайдад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Тэрбээр, “Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо. …Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ингэснээр асуудалд ороод буй Г.Шийлэгдамба сайдын огцрох хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн аваад байгаа билээ. Түүнчлэн Г.Шийлэгдамба сайдын асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж эх сурвалж мэдээллээ. Тэгвэл хүсэлтийг нь хүлээн авсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ЭМС-ын сайдынхаа хүсэлтийг ёсчилж, сайдын албан тушаалаас нь огцруулахаар тохирчээ.

Харин МАХН-ын удирдлагуудад Эрүүл мэнд, спортын салбарт ажиллах дараагийн нэр дэвшигчээ нам дотроо тохиролцоод ойрын өдрүүдэд оруулж ирэхийг Ерөнхий сайд даалгасан гэнэ. Сайдын сул орон тоо гарснаар МАХН дотор “сайд” болох тэмцэл тун хүчтэй өрнөж байгаа аж. Одоогийн байдлаар МАХН-ынхан ЭМС-ын сайдад нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийгоо нэр дэвшүүлэхээр ерөнхийдөө тохирчээ. Хэдийгээр Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргад нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл цацагдаж байсан ч нэгэнт нөхцөл байдал иймдээ хүрсэн учраас ЭМС-ын сайдын суудалд томилох нь зүйтэй гэж тохирсон байна.

Харин түүнтэй хамт ЭМС-ын сайдад өрсөлдөж магадгүй хүн бол энэ салбарыг өмнө нь удирдаж байсан Н.Удвал аж. Гэхдээ Н.Удвалыг Ерөнхий сайд сонгохгүй байх гэсэн яриа яригдаж эхлээд байна. Учир нь тэрбээр өмнө нь ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбартай холбоотой нэлээдгүй асуудлууд үүсгэж байсан. Мөн түүнийг намын нөхөд нь ч өмнө нь сайд хийж байсан гэдэг шалтгаанаар дэмжихгүй яваа гэнэ.

Байж болох дараагийн нэг хувилбар нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм. Тэрбээр МАХН-аас сайдын суудалд сууж үзээгүй ганц хүн. Тэр утгаараа намын нөхөд нь залуу лидерүүдийн нэгээ сайдад зүтгүүлэх гэсэн боловч намын дарга нь хаалт тавьсан сурагтай. Учир нь О.Баасанхүү гишүүн намын дарга Н.Энхбаяртай таарамж муутай байгаа бөгөөд хоорондын үл ойлголцол нь улам даамжирч эцэстээ намаасаа гарах болсон гэх яриа ч сонсогдох болсон.

Юутай ч МАХН-ынхны дунд ЭМС-ын сайдын суудал “сандал ширээ”-ний тэмцлийг хурцаар өрнүүлж эхэллээ. Хэдийгээр дээрх гурван хувилбар бий боловч МАХН-ынхан урьдчилсан байдлаар Ц.Шаравдоржийг ЭМС-ын сайдад зүтгүүлэхээр тохирчээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ