УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Ерөнхийлөгчөөс Өршөөл үзүүлэх тухай хуульд долоон зүйл ангиар хориг тавьсан. Хууль зүйн байнгын хорооны төвшинд зөвхөн нэг зүйл анги буюу авлигын хэргийг өршөөхгүй гэж шийдээд байсан. Харин бусад зургаан зүйл, анги буюу хууль бусаар хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашиглах, бусдыг залилан мэхлэх зэрэг хуулийн зүйл заалтуудыг өршөөлд хамруулахгүй гэж үзсэн юм. Байнгын хороо дэмжээгүй дээрх зургаан зүйл заалтаар Д.Ганбат, Ц.Нямдорж нарын гишүүд цөөнх болсон. Ингээд дэмжээгүй санал бүрээр санал хураалгалаа.

 

Гишүүд албан тушаалаа урвуулах ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, бусдын эд хөрөнгийг залилах зэрэг таван зүйл ангийг өршөөнө хэмээн байнгын хороо үзсэн байсныг дэмжсэнгүй. Ингэснээр дээрх тодорхой хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар тогтлоо. Мөн байнгын хороо дэмжсэн буюу хээл хахууль авах гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн.

 

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгасны дараа хуулийн төслөө бүхэлд нь батлахаар санал хураалгаж, гишүүд дэмжлээ. Парламент ийнхүү гурван сарын турш Өршөөл үзүүлэх тухай хуультай “зууралдсаны” эцэст баталж байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжинэ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ