Агаарын хөлөгт гар тээш болоод бүртгэгдсэн ачаагаар авч явж болох, болохгүй эд зүйлс, амьтан тээвэрлэлт, нислэгийн тийз буцаахад авдаг шимтгэл болон олон улсад нэмэгдсэн зарим нислэгийн талаар  “Хүннү эйр” ХХК-ийн Зорчигч, үйлчилгээ, ачаа, тээшний хэлтсийн ээлжийн ахлах ажилтан М.Төрболдтой уулзаж ярилцлаа.

– Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын хөлөгт зорчигчийн авч явах эд зүйлсийг нэлээд хязгаарладаг боллоо. Хамгийн сүүлд гэхэд “Самсунг” компанийн “Galaxy 07” загварын гар утас онгоцонд авч орохыг олон улсад хориглож эхлээд байна. Тэгэхээр танай компанийн хувьд орон нутаг болон олон улсад дээрх төрлийн гар утсыг зорчигч авч явахыг хориглож байгаа юу. Ер нь агаарын хөлөгт гар тээшиндээ авч явахыг хориглосон эд зүйлсийн талаар мэдээлэл өгөөч?

– Агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч аль ч компанийн хувьд хамгийн түрүүнд нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллладаг. Тиймээс ч олон улс энэ асуудалд дээд зэргээр анхаарал тавьж агаарын хөлөгт авч явах эд зүйлсийг нарийвчлан хязгаарлаж байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/-ноос “Galaxy 07” загварын гар утсыг тээвэрлэлтэд ашиглахгүй байхыг зөвлөж байгаа. Манай компани ч энэ зөвлөмжийг дагаж бүртгэгдсэн тээшинд огт тээвэрлэхгүй. Харин гар тээшинд  “Galaxy 07” загварын гар утсыг ашиглахгүй, цэнэглэхгүйгээр унтраагаад авч явж болно. Авиацын холбооны шийдвэрийн дагуу Америкийн нутаг дэвсгэр дээр бол “Galaxy 07” гар утсыг бүр авч явахыг хориглосон байна лээ. Мөн Европын иргэний нисэхийн холбооноос ч хориглосон.  Ер нь зорчигч гар тээшиндээ юу авч явж болохгүй вэ гэхээр хурц үзүүртэй эд зүйл, 100мл-аас дээш хэмжээтэй шингэн эд зүйл авч явахыг хориглодог. Хэрэв 100 мл-аас дээш хэмжээтэй шингэнийг авч явах бол бүртгэгдсэн ачаанд хийгээд тээвэрлүүлж болно.  Гар тээшинд 100мл-аас доош хэмжээтэй шингэн зүйлийг авч явах тохиолдолд аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа ажилтнаас өгсөн тусгай зориулалтын саванд хийгээд авч явах ёстой байгаа.  Гар тээшинд авч буй шингэн зүйлд нүүрний тос, цэвэрлэгч байсан ч 100 мл-аас хэтрэх ёсгүй. Хурц үзүүртэй зүйлд хумсны хутга, хайч, цаас зүсэгч хүртэл ордог. Сүүлийн үед зорчигч гар тээшинд зөөврийн цэнэглэгч мөн авч явдаг болсон байнаа. Тэгэхээр гар тээшинд зөөврийн цэнэглэгч  нь 100вт-аас ихгүй  2 ширхгийг бол авч явахыг зөвшөөрнө.

 – Гар тээшиндээ авч явахыг хориглосон эд зүйлсийн талаар та сая тодорхой ярилаа. Тэгвэл одоо агаарын хөлөгт хүлээлгэж өгсөн бүртгэгдсэн ачаагаар тээвэрлэхийг хориглосон эд зүйлийн талаар мэдээлэл өгөөч?

– Бүртгэгдсэн ачаа буюу тухайн агаарын тээврийн компанид хүлээлгэж өгсөн ачаа, мөн гар тээш аль альд нь хурдан шатамхай бодис, тэсэрч дэлбэрч болзошгүй эд зүйлс, асаагуур, гааз авч явахыг бүрэн хориглодог. Мөн зөөврийн банк буюу “Ли-ти” агуулсан цэнэглэгчийг бүртгэгдсэн тээшинд авч явахыг хориглоно. Аюултай ачаанд тооцогддог сумыг холбогдох зөвшөөрлийн бичгийг үндэслэн агаарын хөлөг нэг нислэгтээ 5 кг-аас  хэтрүүлэхгүйгээр бүртгэгдсэн ачаагаар тээвэрлэдэг.  Тээвэрлэхдээ барааг тусгай зориулалтын сав баглаанд битүүмжлэн авч явдаг байгаа.

 – “Лити” агуулсан зөөврийн цэнэглэгчээс гадна “ли-ти” баттерейтэй тоног, төхөөрөмж сүүлийн  үед элбэг болсон байгаа. Энэ нь мөн бүртгэгдсэн ачаанд хориглогдох уу?

– Тиймээ, сүүлийн үеийн зөөврийн компьютер, гар утасны баттарей, хүүхдийн тоглоом бүгд “ли-ти” агуулсан баттареэй-тэй болсон. Энэ “ли-ти” агуулсан баттарей нь олон цаг цэнэгээ барьж ашиглагдаг юм байна. Тиймээс “ли-ти” агуулсан баттарей нь 100 вт хүртэлх хүчин чадалтай л бол бүртгэгдсэн тээшинд биш гар тээшинд авч явах ёстой. Зорчигч ийм баттарейг яаж таньж болох вэ гэхээр “ли-ти” агуулсан гэсэн  мэдээллийг уг баттарей дээр тэмдэглэгдсэн эсэхээс мэдэж болно.

– Зорчигч нохой, муур, эсвэл загас гээд амьд амьтан агаараар авч явах бол яах вэ. Авиа компаниуд ямар шаардлага тавьдаг вэ?

– Амьд амьтан тээвэрлэхдээ гэрчилгээ, гэрчилгээн дээр тогтмол вакцинд хамрагдсан гэдгийг бүртгэсэн байх, мал эмнэлгийн халдваргүйтгэлийн бичиг зэргийг үзэж агаараар тээвэрлэнэ. Түүнчлэн шээж, баавал шингээдэг, нэвтэрдэггүй зориулалтын сав, тосгуур байх шаардлагыг тавьдаг. Ер нь гэрийн тэжээмэл, 3 сараас дээш насны муур, нохой зэрэг амьтныг бүртгэгдсэн ачаагаар тээвэрлэнэ. Нялх буюу 3 сараас доош настай ямар ч амьтны төлийг тээвэрлэхгүй. Учир нь тээвэрлэлт даахгүй стресст орох гэх зэрэг эрсдэл гарч болзошгүй гэж үздэг. Загас байсан ч мал эмнэлгийн бичигтэй байх ёстой.  Агаарын хөлөгөөр амьд амьтныг тээвэрлэхдээ зөвшөөрөгдсөн ачааны хэмжээнээс тусад нь жинлэн үзэж тухайн чиглэлийн илүү тээшний тарифаар тооцож мөнгө авдаг байгаа.

– Үйлчлүүлэгч агаарын хөлөг хөөрөхөөс хэдэн цагийн өмнө аэровокзал дээр ирэх ёстой вэ. Бүртгэл дээр ирэхдээ ямар, ямар бичиг, баримттай байх вэ?

Зорчигч агаарын хөлөг хөөрөхөөс 1цаг 30 минутын өмнө бүртгэл дээр ирсэн байх ёстой. Ингэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, хэрэв гадаад улс руу явах бол заавал гадаад пасспорттойгоо ирсэн байна. Өөр бичиг баримтаар бүртгэл хийхгүй.  Зорчигч  тийз анх худалдан авахад борлуулагч цаасан тийз хэвлэж өгдөг. Гэхдээ бүртгэл дээр ирэхдээ дээрх цаасан тийзээ мартаад ирсэн байж болно. Энэ тохиолдолд санаа зовох зүйлгүй. Заавал цаасан тийзээр бүртгэнэ гэсэн шаардлага тавьдаггүй. Учир нь олон улсын цахим сүлжээнд бүртгэгдсэн байдаг учраас электрон бүртгэлээрээ бүртгээд оруулдаг. Цөөн тохиолдолд систем доголдох, эсвэл зайлшгүй шаардлагатай нөхцөлд цаасан тийзийг зорчигчоос шаардах үе гарч болно. Үндсэндээ тийз электрон системд шилжсэн гэсэн үг. Тийз борлуулагчаас өгсөн цаасан тийз нь тухайн үйлчлүүлэгчид нислэгийн чиглэл, агаарын хөлөг хөөрөх буух цаг, тээшинд авч явах хориотой эд зүйлс гэх зэрэг мэдээлэл, санамж өгөх, санхүүгийн баримт болгох зорилгоор хэвлэж өгдөг юм.

– Зорчигч нислэгээс хоцрох эсвэл тийз буцаах тохиолдолд яах ёстой вэ?

– Аль ч авиа компани хөнгөлөлттэй тийз, үндсэн тийз гэсэн 2 янзын ялгаатай тийз борлуулдаг болсон.  Энэ нь юун түрүүнд хямд үнэтэй тийзийг хэрэглэгчдэд санал болгож сонголт хийх боломжийг бүрдүүлж өгч байна гэсэн үг.  Хөнгөлөлттэй тийз нь хямд тарифтай мөртлөө хатуу нөхцөлтэй байдаг. Үндсэндээ буцаах боломжгүй тийз. Хүмүүсийн урьдчилсан худалдан авалтыг урамшуулж хөнгөлөлттэй, хямд үнэтэй тийзийг үйлчлүүлэгчид санал болгосон. Тийзийн нөхцөл дээр гол анхаарах зүйлийг сануулж хэлдэг. Тухайлбал, тухайн хүн ажлын шаардлагаасаа хамаарч явах, зорчих өдөр өөрчлөгдөхөөр байж болно. Тэгвэл нөхцөл байдалдаа тохирсон уян хатан нөхцөлтэй, тодорхой хувийн шимтгэл суутгуулаад буцааж болдог тийзийг сонгож болох юм. Хэрэв тийм биш, төлөвлөсөн өдөртөө үйлчлүүлэх бол хатуу нөхцөлтэй ч хямд үнэтэй тийзийг худалдан авч болно. Олон улсын жишиг, дүрэм, журамтай нийцүүлэн тийзийг буцаах тохиолдолд тухайн тийзний үнээс хамаараад суутгах шимтгэл нь мөн харилцан адилгүй байдаг. Тийз буцааж буй тохиолдолд аль ч авиа компани заавал шимтгэл авдаг юм. Энэ шимтгэл нь олон улсын бүртгэлийн систем ашигласан  үйлчилгээний хөлсний суутгал гэдгийг үйлчлүүлэгч нар маань ойлгох хэрэгтэй. Манай компанийн тийз борлуулагчид үйлчлүүлэгч  нартаа билетээ борлуулахдаа тухайн тийзний  бүх нөхцлийг тайлбарлаж өгдөг. Үйлчлүүлэгч нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөөд худалдан авсан тохиолдолд тухайн тийз нь зорчигч, манай компани хооронд байгуулсан гэрээ гэж хэлж болно. Тиймээс авиа компанийн хувьд ямар үүрэг хариуцлага хүлээх, зорчигчийн хувьд мөн ямар, үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг тайлбарлаж харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байгаа гэсэн үг. Тиймээс тийз буцаах тохиолдод авиа компани ч тэр, үйлчлүүлэгч ч тэр зохих үүрэг, хариуцлагаа хүлээнэ. Нислэгээс хоцорсон тохиолдолд мөн чиглэлээс хамаарч зохих суутгалыг авна.

 Агаарын хөлөгийн зорчигч нислэгийн явцад тамхи татаж болох уу?

– Нислэгийн аюулгүй байдалтай холбоотойгоор ямар нэг асаагуур, шүдэнзтэй онгоцонд орохыг хориглосон. Тиймээс агаарын хөлөгт тамхи татахыг хориглож байгаагийн дээр тийм нөхцөл боломж ч гарахгүй.  Электрон тамхийг ч мөн зөвшөөрдөггүй.

– Орон нутагт танай компани нислэг үйлдэж байгаа. Тиймээс орон нутгийн иргэд, ялангуяа алслагдмал нутаг Ховд, Увс аймгийн ч юмуу иргэд хотод суугаа оюутан хүүхдэдээ, эсвэл ах дүүдээ илгээмж явуулах нь их. Ингэхдээ ихэвчлэн газраар автомашинаар илгээмж явуулахаар олон хонож очдог, хугацаа алддаг гээд бэрхшээл тулгарч байна. Танай компанийн хувьд агаараар хямд үнээр, магадгүй газрын илгээмжийн тарифтай адил үнээр ачаа тээвэрлэх үйлчилгээ нэвтрүүлэх боломж бий юу?

– Орон нутгийн иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан, газрын илгээмжийн үнэтэй ижил тарифаар, хамгийн гол нь цаг хугацаа хэмнэж  найдвартай байдлыг хангасан агаарын илгээмжийн үйлчилгээг манай компани нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэд  агаарын илгээмж үнэтэй ч гэдэг юм уу, эсвэл онгоцоор илгээмж явуулья гэсэн ойлголтгүй байгаад байна. Авто машинаар явуулах ачааны тариф, агаарын хөлөгөөр явуулсан ачааны тариф яг адилхан. Манай компани ачааны хэмжээнд 40:40 гэсэн харьцаатай, нэг багц ачаа 30 кг-аас хэтрэхгүй байх гэсэн шаардлага л тавьдаг. Энэ нь агаарын хөлөгийн хаалгаар орох ачааны хэмжээ, 1мкв талбайн хэмжээнд авч явах даацны хэмжээтэй холбоотойгоор тавигддаг шаардлага юм. Агаарын хөлөгөөр илгээмж явуулахад цаг хугацаа хэмнэсэн, найдвартайгаас гадна хотын төвөөс илгээмжээ хүлээн авах зэрэг нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг олон давуу талтай. Хотоос ч мөн орон нутаг руу карго явуулж болно.

– Иргэний агаарын тээвэрт үйлчилгээ эрхлэгч “Хүннү эйр” ХХК 5 жилийн ойгоо угтаж үйлчлүүлэгч зорчигчдодоо урамшуулал, хямдралуудыг санал болгож байгаа гэсэн. Энэ талаарх мэдээллээсээ сонирхуулаач?

– “Хүннү эйр” авиа компани агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж эхэлсний 5 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотойгоор  олон чиглэлд  хамгийн олон дамтамжтай нислэг үйлдэх, хямд тийз гээд олон боломжийг санал болгож байна.  Хамгийн сүүлд гэхэд манай компани БНХАУ-ын Өвөрмонголын хамгийн том хот Бугат,  мөн Эрээн чиглэлийн шинэ нислэгүүдийг нээсэн. Бугат руу хамгийн хямд тарифаар боломжийн давтамжтайгаар нисч байна. Бугатаар дамжаад Бээжин болоод бусад чиглэл рүү транзит хийгээд хямд тарифаар явах нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Шууд Бээжин нисэх гээд билет олдохгүй байх, эсвэл тийз нь үнэтэй байх тохиолдол гардаг. Энэ үед УБ-Бугат-Бээжин чиглэлээр транзит хийгээд  цаг хугацаа алдахгүйгээр мөнгөө хэмнээд нисэх боломжийг бид бүрдүүлсэн. Бугат нь авто зам, төмөр замаар Хятадын бүх томоохон хотуудтай холбогдсон Өвөрмонголын хамгийн том зангилаа хот. Тиймээс Бугатаар дамжаад цааш явах маршрутаа хурдны авто зам эсвэл хурдны галт тэргийг сонгоод үйлчлүүлэх боломж бий.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг манай компани өөрийн албан ёсны вэбсайт, фэйсбүүк, сошиал сүлжээгээр түгээж байна. Бугатаар дамжин цааш бусад хот руу нисэх тийзний захиалга, хямд тасалбарын сонголтыг  WWW.QUO.COM сайтаар иргэн өөрөө орж захиалах боломжтой байдаг. Манжуур чиглэлийн нислэгээр үйлчлүүлсэн зорчигчдодоо дэлхийд алдартай, дээд зэрэглэлийн “Шангрилла” зочид буудалд 80 хувийн хямдралтай үнээр буудаллах боломжийг олгож өгсөн. Энэ мэт урамшууллаар бид үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна.

– Цаг гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ