Facebook, Twitter-т өчигдөр хүмүүсийн дургүйцэл, сэтгэлийг эмзэглүүлсэн нэгэн пост нийтлэгдсэн юм. Хүүхдээ сувагчлан тэвэрсэн харагдах зургийн тайлбар нь “40 гаран насны эрэгтэй хүүхдээ архиар зарах гээд явж байна” гэх утгатай байсан нь олны анхаарлыг татав.

“Монголын бодит амьдрал ийм байна”, “Архичид газар авлаа”, “Ямар хөгийн аав нь хүүхдээ ингэж бор дарсаар солих гэж байна вэ” гэхчлэн үзэн ядаж зэвүүцсэн олон мянган сэтгэгдэл бичигдсэн байлаа. Тайлбар нь сэтгэл эмзэглүүлэм, ундууцал төрүүлэм байсан болохоор хүмүүс ийм сэтгэгдэл бичих нь аргагүй биз ээ.

Гэвч ташаа тайлбартай, зээ охиныхоо хамт байгаа зургаа олон нийтийн сүлжээнд байрласныг олж мэдсэн Доржсүрэнгийн гэр бүлийнхэн өнөөдөр цагдаад гомдол гаргаж, энэ талаарх зураг, тайлбарыг нийтэлсэн хүнийг олж өгөхийг хүссэн юм.

Цагдаагийн ерөнхий газрынхан болон зурагт холбогдох иргэд өнөө өглөө мэдэгдэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн “…Тус зурган дээр байсан эрэгтэй тухайн есөн сартай охины өвөө хүүхдээ түр салхилуулаад явж байсан бөгөөд зургийг нь зөвшөөрөлгүйгээр авч, олон нийтийн сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж, нэр хүндэд нь халдсан. Тиймээс энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар хүн гүтгэх гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” хэмээсэн юм.

Хүүхдээ сугавчилж явсан иргэн Доржсүрэн ярихдаа “Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Гэтэл зургийг минь авч, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байсан. Надтай ирж юм ярьсан хүн байхгүй. Тийм байж архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань дуулгахад би мэдсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг би ер мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан” гэв.

Эрүүгийн хуулийн 111.1-д: Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, дээрх зургийг анх тараасан этгээдийг 3920000-9800000 төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэл хорих ял оногдуулна гэсэн үг юм.

Өвөө, зээ охин нарын зургийг анх нийтэлсэн хүн зургаа устгасан байх боломжтой. Гэсэн ч уг зургийг нийгмийн сүлжээнээс олж харж татан авч, өөрийнхөө Facebook-т дээрх тайлбартайгаар нь оруулсан (upload) олон хүн харагдсан. Тиймээс эдгээр upload хийсэн хүмүүсээс аль нэг нь дээрх зургийг анх нийтэлсэн хэрэглэгчээс татан авч нийтэлсэн учраас хэн гэдгийг нь мэднэ гэсэн үг.

2014 оны наймдугаар сарын эхээр “Талбайн ойролцоо гурван хятад иргэн хоёр эмэгтэйг хүчиндэж цөөрөмд хаялаа” гэх мэдээлэл Facebook-т нийтлэгдсэн юм. Тэр даруйд нийгмийн сүлжээнд иргэд хятад барилгачид руу чиглэсэн, тэднийг үзэн ядсан бухимдлаа илэрхийлэн давалгаалсан билээ. Уг нь барилгын талбайн тогтоол ус руу барилгын материал орсны улмаас ийнхүү улаан өнгөтэй болсон байв. Гэсэн ч энэ байдлыг харсан сошиал хэрэглэгч асуудлыг сенсаацлах гэж оролдож зохиомол тайлбар бичиж нийтэд түгээсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг “ташаа мэдээлэл” хэмээн “олон нийтийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл тарааж иргэдийг айдас, сандралд оруулсан этгээдэд хуулийн хариуцлага тооцно” гэсэн юм. Сенсаацлагч этгээд ташаа мэдээлэл нийтэлсэндээ уучлалт хүссэн билээ.

Тэрбээр өвөө, зээ охин нарын зургийг зөвшөөрөлгүй дарж, ташаа тайлбартайгаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн этгээдээс ялгаатай нь хүний дүр зураг, нэр ус дурдагдаагүй. Харин нийгэмд айдас төрүүлэх хэмжээний ташаа мэдээлэл болсон юм.

Facebook, Twitter гэх мэт нийгмийн сүлжээний сайтад хэн анх нийтэлсэн тухай ул мөр нь заавал үлддэг. Өөрөөр хэлбэл, гар утасны дугаар бүрт өөрийн гэсэн IP хаяг байдаг ба дарсан зурагт нь цифрүүдээс бүрдсэн нэр бий. Мөн олон нийтийн сүлжээнд постлогдсон кодыг нь хүртэл илрүүлэх боломжууд хакерчдад байгаа болов уу.

Дашрамд дуулгахад, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна.

Мөн цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон гэсэн судалгаа байдаг.
Тиймээс нийгмийн сүлжээнд бусдын нэр хүндэд ноцтойгоор халдсан, гүтгэсэн, иргэдийг айдаст автуулах буруу ташаа мэдээлэл нийтлэх нь хуулийн хариуцлагад татагдана. Жишээлбэл, өсвөр насны охидын зодооны бичлэг, барилгын буланд тамхи татаад зогсож буй зургууд гэх “өөрийг нь хартал нь share…” гэх тайлбартай постууд хүний нэр хүндэд халдсан байвал хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Т.Мунаа

Эх сурвалж: www.time.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ