Улсын Их хурал, аймаг, нийслэлийн сонгууль 2016 оны 6 сарын 29-ний өдөр болно. Энэхүү сонгуульд нэр дэвших эрхийн төлөө нам тус бүр дээрх өрсөлдөөн ид дундаа явж байгаа гэхэд болно. Хоёр том нам л гэхэд 76 нэр дэвшигчийн эрхийн төлөө 180-250 орчим хүн өрсөлдөж байна.

МАН: Тус намын хувьд 76 нэр дэвшигчийн төлөө 200 гаруй хүн өрсөлдөж байна. Өнөөдөр Улсын Их Хуралд сууж байгаа 26 гишүүн шууд нэр дэвшинэ. Үүн дээр нэмээд аймаг, дүүргийн засаг даргаар ажиллаж байгаа 10 орчим хүн. Мөн хуучин гишүүний сэтэр зүүж явсан 70 орчим эрхэм. Мөн шинэ үеийн төлөөлөл гэж цээжээ дэлдэж эхэлсэн залуус. Бас квот ярьж гишүүн болчих санаатай эмэгтэйчүүдийн төлөөлөл зэргээсээ бүрдэж байна. Тус намын хувьд нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнийг зохицуулах үүднээс мөнгөн дүнгээр босго тогтоож өгчээ.
МАН-ын хувьд нийслэлд нэр дэвших мөнгөний босго үнийг 50 сая төгрөг гэв. 45 эрхийн төлөө хэдэн зуун хүн өрсөлдөж байна. 50 сая төгрөг намдаа тушаасан эрхэм нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнд орно. Гэхдээ шууд эрхтэй болж байгаа хэрэг биш. Дотоод сонгууль. Намын удирдлагын шийдвэр зэргээс шалтгаалах юм байна. Энэ хэлбэр бас л их хурал дээр мөрдөгдөнө. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх босго үнэ 100 сая төгрөг.

АН: Тус намын хувьд эрх баригч. Энэ утгаараа мөн л горилогчдын тоо өдөр бүр өсч байгаа. 29 настай залуугаас эхлээд 60 гарчихсан эрхэмүүд сонгуульд нэр дэвших гэж намаараа эргэлдэх болжээ. Ерөнхийдөө бол АН-ынхан намын байраараа бус төрийн ордон түүний эргэн тойрны барилга байгууламжаарг эргэлдэх болжээ. Ялангуяа фракцийн хөдөлгөөн нь идвэхжсэн гэхэд болно. Тус намын босго мөнгөн дүн мөн л МАН-тайгаа ижилхэн 50 болон 100 сая төгрөг гэгдэж байна. Үнийн дүнгээрээ хоёр нам өрсөлдөхийг хүсээгүй бололтой.
МАХН. Тус намын хувьд босго үнийн дүнг нэг л тоогоор тогтоосон бололтой. Ерөнхийдөө 50 сая төгрөг гэж дуулдаж байна. Гэхдээ ахиухан мөнгө өгсөн хүнд бол шууд л тойргийг нь өгчихөж байгаа сурагтай. Намын жагсаалтын эхний хэдэд орохын тулд сая биш тэрбум төгрөгөөр ярилцах бололтой шүү.

ХҮН: Тус намын хувьд нэр дэвших эрхийг мөн л 50 сая төгрөг гэж тогтоожээ. Эхнээсээ 50 сая төгрөгөө тушаагаад тойрогтоо эзэн суухаас эхэлсэн хүн тус намд олон байна. Зарим хүний яриагаар бол Баянзүрх, Сонгинохайрхан, Төв аймагт нэр дэвших эрхийг 50 сая төгрөгөө тушаасан нэр бүхий хүмүүс намаасаа авчихсан гэж байна. Тус намын хувьд овоо хэдэн суудал зулгаана гэсэн мөрөөдөлд умбачихсан яваа.

ИЗНН: Тус намын хувьд намын хэдхэн удирдлага нь л хэрхэн нэр дэвшихээ шийдчихвэл бусдаар асуудалгүй. Нэг их нэр дэвших босго үнэ гэж яриад байдаггүй. Ямартай ч ерөнхий нарийн бичгийн даргаа солиод авсан. Үүний цаана бусад нам шиг мөнгө босгох ажлыг хийх яриа байна. Бас л 50 сая төгрөг гэж ярих бололтой.

Ийнхүү намаасаа нэр дэвших эрх өвөртөхийн тулд горилогч нар дор хаяж 50 сая төгрөг зарцуулах нь. Энэ мөнгөө хоосон салхинд хийсгэж ч магад үгүй. 50 сая төгрөг тушаачихлаа гээд шууд нэр дэвших эрхийг өвөртлөнө гэдэг ойлголт бол АН болон МАН-д байхгүй. Тус намынхан нэг тойрогт 5-8 хүн өрсөлдөж байгаа. Тус бүрдээ 50 болон 100 сая төгрөгөө тушаана. Үүний нараа үүр, хорооноосоо гарч ирнэ. Дараа нь удирдлагаараа дэмжүүлнэ. Бас л нэмж мөнгө өгнө. Энэ мэт зарчимд тулгуурлан нэр дэвших эрхээ 2016 оны 05 сарын 5-9ний өдрүүдэд л авах дүр зураг харагдаж байна.

Б.Ган

Эх сурвалж: www.time.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ