Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс иргэдийг хууль зөрчин орон нутгийг зорих нь осол зөрчил гарах, эрүүл мэнд эд хөрөнгөө эрсдэлд учрах аюултайг анхааруулж байна.

Ихэнх нутгаар ‪цас‬ орж өнөө өглөөний байдлаар өмнө болон хойд, баруун чиглэлд зарим зам даваанууд хаагдаад байна. Өнөөдөр төвийн болон зүүн аймгуудын нутгаар хур тунадастай, салхины эрч ширүүсэх мэдээ ирсэн тул дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулъя!

Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул, Орхон, Булган аймгийн хөдөлгөөнийг түр зогсоох чиглэл өгөөд байна. Хойд чиглэлд Баянчандмань, Баруунхараа сумын нутаг дэвсгэрт замын нөхцөл хүндэрсэн, тээврийн хэрэгслүүд цасанд суусан, зам даваа хальтиргаа гулгаа ихтэй байна. Баруун чиглэлд Солонготын даваа хаагдсан даваа давах боломжгүй байгаа тул өнөө маргаашдаа онц шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байх хэрэгтэй.

Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс өнөөдөр үйлчилгээнд гарах хуваарьт тээврийн хэрэгслүүдийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байна. Одоогийн байдлаар хойд чиглэлд Тахилтын даваа цасанд боогдсоны улмаас 200 орчим тээврийн хэрэгсэл саатаад байгаа гэх мэдээлэл ирүүлжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ