Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ. Тэрбээр 2016.04.11-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

АТГ-ын дарга 6 жилийн хугацаагаар томилогддог ч Н.Ганболд дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.

Н.Ганболд “Хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гол шалтгаан бол эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан. Ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрсэн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хуулийн байгууллагын толгойд няхуур хүмүүс байх тусмаа хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчил бага гарах болов уу гэж боддог. Энэ байгууллагыг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох гэж ажилласанд тань баярлалаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Сүүлийн 4 жилд Монгол Улс авлигын индексээр 168 орноос 72 дугаар байрт орсон байгаа. Үүнд тус байгууллагын удирдлагаар 5 жил ажилласан Н.Ганболд даргын хувь нэмэр их байгаа байх” гэлээ.

Ингээд санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхи Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлхийг дэмжлээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ