Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2016-04-08/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

Хэлэлцүүлгийн хүрээнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төсөлд,  “сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтөд санал өгөх” гэсний дараа “,зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргаж, шийдвэрлүүлэх” гэсэн саналыг нэмж тусгах эсэх талаар гишүүд саналаа илэрхийлэхдээ,  “зайлшгүй нөхцөл байдал” гэхийн тодорхой нөхцөл, тохиолдлыг тодотгож тусгах, зөвхөн малчдын хүүхдүүд төдийгүй  сургууль нь хол байршилтай, олон ээлжтэй хотын захын хорооллын сургуульд  сурах  6 настай хүүхдийг  хамруулах, сургуульд элсүүлэхээс өмнө хүүхдийг хөдөө орон нутагт цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэх, 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэх эсэхийг захирал нь биш эцэг эх нь өөрсдөө шийддэг байх, сургуульд элсүүлэх боломжгүй тохиолдлыг малчны 6 настай хүүхэд бүрт хамааруулж хавтгайруулахгүй байх зэрэгт анхаарлаа хандуулав.

Өнгөрсөн онд малчдын 10 мянга гаруй хүүхэд 6 настайдаа сургуульд элсэн орж, тэдний 2 мянга орчим нь сургуулийн дотуур байранд амьдарч суралцаж байгаа ажээ.

Улсын Их Хурлын гишүүд дээрх саналыг  төсөлд нэмэхийг болон  “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах бөгөөд албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдах” саналыг, мөн “Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулах  Ажлын хэсгийн  саналын томьёоллыг  “байршил” гэсэн үг нэмэх зэргээр гишүүд дэмжлээ.

Үүнээс гадна гишүүд “ хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралчагчид ногдох хувьсах зардлын хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүрийг” гэж өөрчлөх саналтай холбоотой хувьсах зардлын бүрэлдэхүүнд юу багтдаг, итгэлцүүр нь ямар шалгуураас бүрддэг зэргийг асуухын зэрэгцээ итгэлцүүрт оруулах үзүүлэлтийг нарийн тооцож тусгахыг чухалчлав. Хуульд оруулж буй өөрчлөлтүүд, тухайлбал, энэ санал нь сумдад чанартай боловсрол, сургалт бий болгох, мэдлэг, чадвартай, туршлагатай багш нарыг ажиллуулах улмаар төвлөрөл, нүүдлийг сааруулах замаар сумын сургуулийг дэмжихэд оршиж буй талаар хууль санаачлагчид онцлон тэмдэглэв.

Дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр  анхны хэлэлцүүлэг нь өндөрллөө.

Дараа нь гишүүд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурал болон  Засгийн газар хоорондын зүй зохист хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах боломжийг бий болгох зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөл батлагдсанаар Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэх болно гэж төсөл санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.

Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Баярцогт, М.Батчимэг, С.Дэмбэрэл нар хуулийн төслийг агуулгаар нь дэмжиж, Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэх гишүүдийн хязгаарыг Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй байлгах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Улсын Их Хурлын гишүүн нь сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор Шадар сайдын албыг давхар хашиж болзошгүйг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Засгийн газрын бүрэлдэхүүн нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зарчимд нийцсэн байх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, А.Бакей нар 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх Засгийн газарт хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хоорондын чиг үүргийн давхардлыг арилгах, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Сангийн сайд, Гадаад хэргийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн гэхээс илүү мэргэжлийн хүнийг томилох нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан тухай   УИХ-ын гишүүн Су.Батболд илтгэлээ.

Улсын Их Хурлын гишүүд энэ хуулийн төслийг яагаад одоо хэлэлцүүлэхээр оруулж ирж байгааг асуухын сацуу хуулийн үзэл баримтлал нь Үндсэн хуулийн зарчимд үндэслэсэн байх, сайд нарыг томилоход баримтлах шалгууртай байх,  Засгийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болох салбарын зааг, тоог тогтоож өгөх, төрийн эрх мэдлийн хуваарилалтын зөв эхлэлийг тавих,  гол нь давхардлыг арилгахад  бус чанарын хувьд засаглалыг өөрчлөхөд анхаарах хэрэгтэй зэрэгт Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн үг, саналын гол утга оршиж байв.

Энэ хуулийн төслүүдийг гишүүдийн олонх хэлэлцэхийг  дэмжсэнээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Үдээс хойших хуралдаанар Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд болон зарим сайд нарт тавьсан  асуулгын хариу сонсоно гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ